“ИВЭЭЛ ЭНЭРЭЛ” ТББ-ын тэргүүн Б.УРАНЧИМЭГ

Одоогоос хэдэн жилийн өмнө аргал түүж зараад орлогоороо байшин барьж түүндээ олон өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа нэг эмэгтэйн тухай итгэмээргүй үлгэр мэт түүхийг сонссон юм. Үнэмшихэд хэцүү ч үүний цаана үнэн юу байна гэсэн эргэлзээ олон жил санаанд минь байсан учир урин орсон хаврын өглөө би Өлзийт хорооллыг зорьлоо. Хороон дээрээс сураглаж утасны дугаарыг нь олж залгахад: -Уучлаарай эгч нь хотод эмнэлгээр яваад байгаа, оройтно. Маргааш өглөө хороолол хавьд цаг товлоод уулзъя, би өглөө 10:00 цагт залгая гэв. Хэлсэн ёсоороо маргааш өглөө нь 10:00 цагт надруу залгахад нь: -Уучлаарай, би тантай олон хөлийн газар биш тухтай уулзаж ярилцах хүсэлтэй байна гээд хаягаа мессежээр явуулж гэртээ урьлаа. Ганцаараа эр хүний гэр орон ундуй сундуй, эмх замбараагүй. Энэ байдлаа эмхэлж амжаагүй байтал хаалга тогшиж Уранчимэг эгч энгэртээ цайны сүү тэвэрсээр орж ирсэн юм. Ийнхүү танилцаж түүний ажил амьдралынх нь тухай асууж болох бүх зүйлийг хэрэгт дурлан ярилцах боломж тохиосон нь энэ. Амьд ярианы хагасыг би дуу хураагуурт буулгасан, гэхдээ тэр амьдралын үнэн түүхийг сэтгэлийнхээ цөмд бүрмөсөн буулгаж авсан юм. Үүнийг тэнгэрлэг хүмүүн танд зориулъя.

Ховд аймгийн Мөст сумын адуучин, нутаг орондоо нэр хүнд сайтай, хөдөлмөрч Булгаагийнх гэдэг айл ойролцоо төрүүлсэн дэрсхэн 10 хүүхэдтэй. Энэ хүн бол энэхүү нийтлэлийн гол баатарын аав бөгөөд залуудаа насан өөд болж, сэтгэлийн шаналалд үлдсэн хань нь нэг жилийн дараа мөн бурханы орноо одож 10 хүүхэд өнчин үлджээ. Ээж ааваасаа өнчирч үлдсэн 9 дүү нь Уранчимэг охины мөрөөдлийн сургуульдаа суралцах хүслийг эргүүлсэн төдийгүй нэгэнт ирсэн хувь тавилангийн өмнө нугарахгүй байх шалтгааныг түүнд тулгасан юм. Түүнд үлдсэн хөрөнгө бол гэр бүлийн ажилсаг, цэвэрч, зөв хүмүүжил л байлаа. 10-р ангийн дэрсхэн охин Уранчимэг өөрөө ч аав эжийгээ санадаг байв. Одоо ч санан үгүйлнэ.


Бага дүү нь мээмнээсээ ч гараагүй байсан болохоор ургаж гүйцээгүй хөхөө хөхүүлж эхэлсэнээр тэр 10-р ангидаа тийнхүү ээж болжээ. Хэдийгээр ах, эгч, хамаатан садан нар маань дэргэд байсан боловч хичээгээд ч хүний төрсөн аав ээж шиг байх боломжгүй, хүүхдүүдэд өөрийнх нь аав ээжийн хайрыг юу ч, хэн ч орлож чаддаггүй юм... хэмээн хоолой зангируулан хэлэх энэ эмэгтэйн тэнгэрлэг түүх уншигч таныг амьдралын утга учрыг өөр өнцгөөс харахад тань тусална гэдэгт би эргэлзэхгүй байна.

Германы санхүүжилттэй хүүхдийн СОС хотхон тэр үед нээлтээ хийсэн бөгөөд түүний гурван бага дүүг нь авах боломжтой гэсэн хариуг аваад замын хүнс бэлдэж дүү нараа аван Улаанбаатар хотыг зорив. Аргагүйн эрхэнд Урнаа охин гурван бага дүүгээ СОС хотхонд өгөөд өдөр бүр очиж хашааных нь завсараар дүү нараа гадаа тоглож байгааг харан уйлж сэтгэлээ тайвшируулан 1-р хороолол дахь ахындаа алхаж очдог байлаа. Бага дүү нь түүний хөхнөөс гараагүй нялх байсан бөгөөд түүнийгээ санан, санан бэтгэрсэн нулимстай өдрүүд Урнаа охины амьдралын хамгийн хэцүү үе байв. Өнчин байхын зовлонг биеэрээ мэдэрч буй Урнаа өөр шигээ өнчин, дүү нар шиг нь хайр халамж дутсан хүүхдүүд олон байдгийг мэдэрсэн учир тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмжээ урьдчилан зээлээр авч Төрийн бус байгууллага байгуулж төрөлх нутаг болох Ховд аймгийн Мөст сумандаа очиж амьдралын боломж муу, хагас бүтэн өнчин, хүүхдүүдийг бүртгэж эхэлсэнээр тэр амьдралынхаа гэгээн зорилгыг эхлүүлжээ.

Хүүхдийнхээ сэтгэлийг хайр энэрлээр дүүрэн байлгаж чадаагүй бол та жаргалтай явах эрхгүй (Б.УРАНЧИМЭГ)

Эхэндээ өнчин хүүхдүүдэд дүү нараасаа илүүчлэн өөрийн чадах хэмжээндээ өмсөж идэхээр нь тусалж, бүр хоол унд, хайр халамж шаардлагатай хүүхдүүдийг асрамжийн газар зуучлан, хүүхдийн зөв хүмүүжилд эцэг эхийн хайр энэрэл хамгийн чухал гэдгийг ойлгосон учир өнчин хүүхдүүдийг ах эгч, хамаатнуудтай нь ойр байлгаж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зөв дадал зуршилыг бий болгох үйлсийг сайхан сэтгэлийнхээ дуудлагаар хийдэг болов. Эндээс Урнаа охин өөр нэг зүйлийг ажигласан байна. Хүүхдийн эрхийн конвенцоор 0-18 настай хүүхдийг хүүхэд гэнэ гэж заасан. Бяцхан хүүхдүүдийг томчууд хүүхэд хэмээн өхөөрддөг. Өнчин ч гэсэн тэд томчуудын хайр халамжинд насанд хүрнэ. Харин насанд хүрээд жинхэнэ амьдралд хөл тавих үед тэдэнд мөн л хайр, бодит дэмжлэг хэрэгтэй. Тэндээс олон өнчин хүүхдүүд амьдралынхаа зөв замыг сонгох уу буруу замруу орохуу гэдэг их шалтгаалдаг. Насанд хүрсэн болохоор чи одоо дүү нараа тэжээж авч явах ёстой гэсэн хандлага түүний зорилгыг дахин нэг шатаар нэмэгдүүлжээ. Тэр нь үе тэнгийн нөхөд нь адилхан насанд хүрсэн мөртлөө аав ээжээрээ, формоо авахуулж, төлбөрөө төлүүлж хөгжиж байхад насанд хүрсэн өнчин хүүхдүүдийг хэн, яах юм бэ гэсэн эргэлзээ. Урнаа өөрөө их сургуульд суралцахыг чин сэтгэлээсээ мөрөөдөж байсан ч өөр шиг нь олон хүүхдүүдэд туслах чин хүсэл хувийн мөрөөдлөө дахин орхиход хүргэжээ.


2007 онд Ховд аймгаас сургуульд сурах амьдралын боломжгүй 24 өнчин хүүхдийг авчирч Баянзүрхийн товчоонд айлын хашаа түрээслэн амьдарч эхлэв. Миний бие энэ бүсгүйн нугарашгүй хүнлэг чанар, баатарлаг үйлс, хүн бүхэнд байдаггүй хүний ухааныг уншигчдад хүргэх л зорилготой учир замын зардал хоол ундны мөнгийг хэрхэн хөдөлмөрлөж олдог байсан тухайг орхигдуулан товч бичсэнээ хүлцэл өчье.

Суралцах амьдралын боломжгүй өнчин 100 орчим оюутныг сургууль төгсгөж эх орныхоо хөгжилд өөрийн амьдралаа зориулж яваа энэ эмэгтэй бол баялаг бүтээгч

Тэрээр анх авчирсан 24 хүүхдээ бүгдийг нь хөөцөлдөн их дээд сургуульд оруулан төлбөрийнх нь нэхэмжлэхийг аваад төрсөн хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаж явдаг эх хүн шиг л тэднийхээ төлбөрийг олохын төлөө уйгагүй хөөцөлдөж хувийн компаниудад ханддаг байжээ. Аз болоход сайн үйл хийж яваа хүнийг ойлгон дэмждэг сайн санаат хүмүүс түүнд тусалсаар анхны 24 оюутныхаа төлбөрийг бүрэн төлж, өөрийн болон өргөмөл гэж болох олон дүү нараа харж хамгаалж, зөв хүмүүжүүлж эхэлжээ. Анхны 24 хүүхэд бүгд өнчин, суралцах боломжгүй байсан хэдий ч тэр хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл Урнааг улам хүчтэй болгож байлаа. Өвлийн хүйтэнд хөл хайрах зуны ботинкоосоо санаа зовсондоо өргөн өмдөөр халхалж тэднийхээ автобусны мөнгө, хичээлийн урсгал зардал, өвдсөнд нь эм тариа, өлсөхгүйн тулд хоол ундны мөнгийг олохын тулд хүйтэн халууныг үл ажран уйгагүй хөдөлмөрлөнө.


Ээжтэй хүн гэртээ ирэхэд гэрт нь хоол үнэртээд ямар сайхан байдаг гээч. Өөрөө дутуу үзсэн энэ жаргалыг өрөөлийн хүүхдүүдэд бэлэглэх гэж Урнаа эгч гэртээ өдөр бүр шахуу хонины толгой олноор нь чанаж оюутнуудаа халуун хоолтой, халуун дотно сэтгэлээрээ угтдаг байв. Тэдэндээ: -Нэгнийх нь ч хичээлийг завсардуулж ажил хийлгэхгүй, та нар сайн сурах л хэрэгтэй, боловсролтой, амьдралын ухаантай болж чадвал сайн аав ээжүүд болж чадна. Тэгвэл миний энэ зүтгэлийн үр дүн шүү... хэмээн сургамжилна. Тэд бүгд өндөр дүнгийн голчтой сайн оюутнууд болсон бөгөөд зарим нэгийнх нь хичээл сурлага суларсан ч хамтдаа дэмжээд нэгэндээ сайнаар нөлөөлж буйг харах нь тэр бүсгүйн баяр баясал.

Тэрээр Монгол гэр бүлийн зан үйл, ахуйн ёс заншилыг оюутнууддаа зааж, хүмүүжүүлдэг

Өөрийн хашаа байшинтай болох зорилгоор газар хөөцөлдсөн нь 2009 онд биелэлээ олж Өлзийт хороололд газартай болов. Өлзийт хороололд үхэр малтай айл олон бөгөөд арын энгэрээр ярайж харагдах аргал түүний бага насандаа ээжтэйгээ хамт аргал түүдэг байсан дурсамжийг нь санагдуулж байлаа. Тэрээр тэр сул аргалийг түүж хотруу оруулж ирэн яармагийн айлуудад санал болгон зарж эхэлсэн бөгөөд шуудай модноос хямд учир авсан айлууд нь дахиж авдаг болов. Ийнхүү Өлзийтийн аргалыг түүж цэвэрлэн борлуулж мөнгийг нь цуглуулсаар байшингийнхаа хундаамыг цутгаж чаджээ. Тэр өдий зэрэгт өөрийгөө умартан өрөөлийн аз жаргалыг бүтэн байлгахын төлөө уйгагүй сэтгэл гарган зүтгэж байгааг ойлгож дэмждэг сайн ханьтай учирсан. Тэд хамтдаа хөдөлмөрлөн 3 жилийн турш бүх орлогоо хуримтлуулан 118м2 байшингаа барьж чадсан юм. Тэр байшин бол Өлзийт хорооллын “ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” өдөр өнжүүлэх төв. Үнэ төлбөргүй, өөрөө хоол ундыг нь бэлдэж өлссөн, өнчин хүүхдийг тэтгэдэг буяны газар. Бусдын төлөө ингэж амьдралаа зориулахаас илүү буян гэж юу байх билээ.

Түүний Өлзийт хороолол дахь гэр буюу

Энэ эмэгтэйтэй би 3 цаг гаруй ярилцсан бөгөөд энэ хүний халуун дотно яриаг дуусгамааргүй, өөрийн мэдэлгүй үлгэр мэт түүхийн нөмөрт хоргодсон байлаа. Өөрийнх нь ярианы дараа тодруулж асуусан зарим асуултын хариултыг эрхэм уншигч танаа хүргэе.

- Бусдын төлөө явсан энэ 17 жилийн хөдөлмөрөө та бусад хүмүүс шиг өөртөө, зөвхөн хувийн амьдралдаа зориулсан бол өдийд тансаг харшид амьдраад, гоё машин унаад одоо амар тайван амьдрах байж.

Олон хүн надад яг ингэж хэлдэг юм. Би түрүүн хэлсэнээ дахин хэлье. Аав ээжийн хайрыг ямар ч эмээ өвөө, ах дүү нар орлож чадахгүй. Аавгүй хүүхэд аавыгаа санаад байна гэж хэлдэггүй ч гэсэн өөр аавуудыг хараад, зурагтаар аав гэдэг үгийг сонсоод сэтгэл нь яаж эмэрдэгийг би сүүлийн 20-иод жилийн турш харж явна. Ямар ч номонд бичигдээгүй амьдралын үнэн зүйл шүү. Хүүхдийн сэтгэлийн шарх эдгэдэггүй. Би их олон том зорилготой л доо. Гэхдээ өөрийн дүү нараа болон өрөөлийн хэдэн хүүхдийг эхийн хайраар хайрлаж зөв амьдралд хүргэхээс илүү том зорилго надад байх ёсгүй. Эгч нь ТББ-ын тэргүүн мөртлөө 10-р ангийн атестат ч байхгүй шд. Сургуульд сураад ажил мэргэжил эзэмшээд гэх олон гэгээн мөрөөдөл байгаа. Харамсалтай нь одоо тэр мөрөөдөлдөө хүрч чадахгүй болж байна. (санаа алдав)

- Яагаад?

Би өөрөө 4 хүүхэд төрүүлсэн, сүүлийн хоёрыгоо ойрхон төрүүлсэнээс болж цус багадалдтай болсон, дээр нь сэтгэлийн их зовнилуудаас болж үүдсэн нэг өвчинтэй. Эгчийнх нь дэлүү хэвийн хэмжээнээс улам томроод эмнэлгээр яваад байгаа. Ядаргаанд ороод хаван ийм болсон (өмднийхөө үзүүрийг шууж долоовор хуруугаараа хатгаж харууллаа. Маш их хавантай байв) Одоо үнэхээр тамирдаж байна. Өнчин хүүхдүүдийн хөгжилд анхаарахгүй төр засагтаа гомдоод ч яах билээ. Эгч нь аргагүйн эрхэнд туйлдаж байна. Дэлүү томроод байвал мэс засал хийж авахуулна гэсэн. Гэхдээ өнөөдөр эгч нь өвчин ярьж, биеэ чагнаад байж болохгүй шалтгаантай амьдардаг учир зүтгээд л явна даа.

-Таныг ойлгож, дэмждэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн тухай яриач?

Сайн хүмүүс цаанаа л өөр. ССАЖ-ын сайд байсан Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн болохоосоо өмнө надтай уулзаж анхаарч тусалдаг байсан. Анхны 24 хүүхдийн төлбөрийн ихэнхийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж өгөхөөс эхлээд Өлзийт хорооллын байшингаа барихад хувиасаа мөнгө гаргаж цонх хийлгүүлж өгч байсан. Манай байшин шалнаасаа тааз хүрсэн гоё вакум цонхтой. Лу.Гантөмөр сайд байхдаа манай 14 хүүхдийн төлбөрийг шийдэж өгсөн. Төрөөд долоохон хонож байгаа хүн гам сахиж байдаг бол би чихэндээ хөвөн хийгээд цаг дөчин минут студид суугаад Гантөмөр гуайтай ярилцлага хийж байсан. –Урнаа эгчээ энэ нийгэмд хүний өмнөөс цүнх бариад явдаг хүн нэг ч байхгүй. Би таны энэ сэтгэлийг чинь үнэлээд л би сайдынхаа хүрээд ингэж шийдэж өгье гээд долоо хоногийн дараа 1-р сарын 08-нд манай хүүхдүүдэд батламж гардуулсан. Төлбөр нь шийдэгдчихээр нуруу хөнгөрөөд зөвхөн хоол унд, хонхны баярынх нь хэрэглээнд л санаа зовно. Хөнгөн бетон ХХК-ийн захирал Т.Баярхүү болон түүний эхнэр Эрдэнэчимэг нар надад байнга итгэж урам өгч дэмждэг байсан. Энэ ярилцлагыг эдгээр хүмүүс унших болов уу, чин сэтгэлээсээ баярлаж явдагаа хэлье.

-Та нийтдээ хэдэн хүүхдийг сургууль төгсгөсөн бэ? Эргэх холбоо байдаг уу?

Амьдралын боломжгүй, халамж энэрэлээс хол 100-аад өнчин хүүхдийг сургуульд оруулж төгсгөсөн. Манай хүүхдүүд эхнээсээ ажил дээр гараад нийгэмд зөв үлгэр дууриалалтай сайн явж байгаа. Энэ л миний бахархал. Тэд маань миний аз жаргал. Эд баялгийн төлөө шунаж буруу зүйл хийхгүй бага цалинтай ч гэсэн хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа зөв замаар босгох сайн хүүхдүүд. Өөрсдийнхөө амьдралыг босгох гэж яваа тэднээсээ хариу тус харж хүлээдэггүй. Гэхдээ л би таавчик оёж, аргал түүж зарах шаардлагагүй маш баян эмэгтэй шиг л гоё байна. Зарим нь цалин буухаараа надруу ярина. Хоол унд дөхүүлж өгнө. Таны утас яагаад хаагдчихсан юм бэ? Би төлбөрийг нь төлөөтхөе, Та автобусны мөнгөтэй байгаа юу, дансаа явуулчих, би цалин буухаар 20.0 төгрөг шилжүүлнэ гэдэг. Ингэх тусам хөөрхөн тэд маань зөв хүмүүс болж байна гэж бодоод хайр хүрдэг. Би ийм л аз жаргалтай, баян хүн. Гоё байгаа биздээ? Баян амьдрал бол мөнгөтэй амьдралыг хэлэхгүй, гэр бүлийн элэг бүтэн байдал нь энэ хорвоогийн юугаар ч сольшгүй аз жаргал баян амьдрал. Баян хүн гэж мөнгөтэй хүнийг хэлдэг юм биш, юугаар ч сольшгүй гэр бүлийн аз жаргалаа эрхэмлэж, олны дунд зөв үлгэр дууриалалтай амьдарч байгаа хүнийг хэлнэ. (уйлав).

-Өнөөдөр таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг зүйл юу вэ?

Гэр бүл салалтаас болж өнчирч байгаа хүүхдүүд. Хүмүүсийг эвлэрүүлж ухамсарт нь сайнаар нөлөөлдөг гэр бүлийн зөвлөгөө өгөх газрууд даанч цөөхөн. Гэр бүлийг салахад нөлөөлдөг ухамсар муутай хүмүүс дэндүү олон байна. Үхэхийн зовлонгоос амьдын зовлон гэж үг байдаг. Уг нь аав нь тэнд яваад байна шд. Яагаад би аавын хайрыг амсаж чадахгүй байгаа юм. Үхчихсэн бол яах юм мянга уйлаад босч ирэхгүй. Аав минь тэгээд явж байгаа байх даа. Над дээр ирэхгүй юм байх даа гээд хүүхэд хайрлаад хүсээд байгаа. Тэгэхэд хоёр хүний харилцаанаас болоод тэр хүүхэд яаж байна гэхээр өдөр болгон эд эсээ үхүүлээд шархлаад байгаа байхгүй юу. Би үнэндээ дурак хүмүүс салдаг гэж боддог. Муухай үг хэлвэл. Ээж ааваас төрчихөөд юундаа салдаг юм. Хүүхэд яагаад өнчрүүлдэгийг би ойлгодоггүй. Тэгээд цаана нь харахаар эд баялаг, хүүхэн шуухан.

Аавыгаа санасан хүүхдийн сэтгэл яаж нурдагийг томчууд мэдэрч чадахгүй. Өнөөдөр залуучууд өөрсдөө ойлголцож, өөрсдийгөө өөрчилж чадахгүйгээс болж хүүхдийн хувь тавилангаар зүгээр л наадаж байна. Нэг амьдрал зөв замруугаа орвол уг нь цаана нь олон хүнийг амьдралын зөв зам нь хүлээж байдаг юм шд. Хүүхдээ өнчрүүлэх алхам хийж байгаа хүн, хүнийг хайрлаж чадах уу даа. Залуучууд салахаараа сэтгэлээ сэргээх гэж тамхи татаж пиво уугаад, хүүхнүүд нь хов жив ярьж суугаад тайтгарчихдаг. Харин аав ээжтэйгээ хамт баймаар байна гэдэг үгийг хэзээ ч хэлдэггүй бяцхан хүүхдийн сэтгэлтэй хэн ч ярьдаггүй. Хүүхэд инээж хөөрөөд санахгүй байгаа л гэж боддог. Өөрийнхөө бий болгож чадахгүй хайраа бусдаас хайж яваа хүмүүс олон болж. Гэр бүлийн харилцаа ямар байх нь эмэгтэй хүнээс хамгийн их шалтгаалдаг. Ээж аавын хайрыг хайр сэтгэл, хань ижлийн хайр ч орлож чадахгүй гэдгийг томчууд ухаарахгүй байна. Үүнд л эгчийнх нь сэтгэл зовниж явна. Чамд сайн ойлгуулж ярьвал, чи судлаад залуучуудад сургалт хийж байж чадах уу? Болохгүй юм байхгүй дээ уг нь.


-Таны өөрийн дүү нар хаана байгаа вэ?

Дүү нар маань эхнээсээ амьдралаа зохиогоод явж байна. Түрүүн ярьсан даа. Намайг 10-р ангид байхад ээжийг өнгөрсөний дараа миний мөөмийг хөхдөг байсан хамгийн бага дүү маань Солонгос яваад ажил хийгээд энд хоёр хүүхдийн төлбөрийг шийдэж өглөө. Баримт нь энэ байна. Дүү нар маань эрүүл чийрэг биетэй, зөв хүмүүжилтэй болохоор сайхан амьдраад явна гэдэгт итгэл дүүрэн байдаг. Эрүүл мэндийн байдал муудаад байгаа учир энэ хүүхдүүдийн төлбөрийг шийдчихвэл эгч нь Өлзийтийн байшиндаа дээл оёод амар амгалан амьдрахыг хүсдэг. Гэхдээ байшингаа зарахаас өөр аргагүй болж байна. Нийт 22 оюутны сургалтын төлбөр 40 сая орчим төгрөг болох юм. Энэ хүүхдүүдээ төгсгөх нь л чухал. Байшингаа зарах шийдвэр гаргах нь манай гэр бүлд амар биш байсан л даа. Шийдэхээсээ өмнө хөлөө эцтэл хөөцөлдсөн боловч энэ удаад өөр арга олдоогүй. Би чинь нэг ч удаа нийгмийн даатгал төлж үзээгүй, одоо цалингүй. (инээв)

Б.Уранчимэг 9 дүүгийн хамт 2012 он

Ийнхүү ярилцаж суутал Уранчимэг эгчийн утас дуугарлаа. Энэ манай нэг оюутны багш залгаж байна. Эгч нь ингээд явъя... гээд бид яриагаа өндөрлөлөө. Сэтгэл шигээ өнгийн сүү тэвэрч гэрт минь зочилсон энгийн нэг хүнийг гаргаж өгөөд гар барихад түүний захиж хэлсэн үг миний сэтгэлд тодоос тод үлдсэн юм.

-Залуу хүн, залуу хүндээ зөв үлгэр дууриал болж явах хэрэгтэй. Хүүхдийг хайраар дутаахгүйн тулд хүслээ ч золиослож чаддаг байх хэрэгтэй. Хайр сайхан шүү дүү минь. “ХАЙР, ТОО ТОМШГҮЙ НҮГЛИЙГ Ч УУЧИЛДАГ” юм...

Ийм сайхан сэтгэл надад, ер нь хүн бүхэнд байгаа. Харин наана нь ямар хана хэрэм боссоныг бид өөрсдөө л мэднэ. Энэ хүний өнөөдрийн амжуулах гэж яваа ажлын хажууд өөр нэгний амьдралын туйлын зорилго өчүүхнээс өчүүхэн мэт санагдана. Уранчимэг эгчээс шалтгаалж буй эдгээр оюутнууд сургуулиа төгсөөд та бидэнтэй мөр зэрэгцэн, таны хүүхдүүд, дүү нартай ижилсэн нийгэмд хөдөлмөрлөнө. Магадгүй таны дэмжлэг яг одоо хэрэгтэй юм байна. Бас амьдралын утга учрыг урьтан харж яваа энэ хүний үг танд хүч нэмнэ. Та байгууллага хамт олонтойгоо цуглаад цаг гарган урьвал гүйгээд очих сайхан сэтгэлтэй эмэгтэй. Хүн хүнээсээ суралцаж явдаг амьдралд Урнаа эгчийн үг таны сэтгэлд гэгээ нэмнэ. Хүмүүн гэгч бодгаль амьтан бид сэтгэл туйлдаж гутрах үе олонтоо ч унаж болохгүй шалтгаан нь түүнээс том. Амжилт хүн бүхэнд бий. Гагцхүү та амжилтаа хэр их мөнгө олсоноороо биш, хэдэн хүний амьдралыг өөрчилсөнөөрөө дүгнээрэй.

Жич: Уранчимэг эгчид эдгээр оюутны төлбөрийг шийдэхээс илүү Өлзийт хорооллын байшингаа "ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ" болгох гэгээн зорилго бий. Гэгээн тэмүүлэлтэй Монголчууд бид түүний байшинг заруулахгүй байж чадна. Хэрвээ та туслахыг хүсвэл Хаан банк 5033127955 (Дансны нэр Б.Уранчимэг) тоот дансанд чин сэтгэлийн хандив өгөөрэй. Таны гэр бүлийнхээ өмнөөс хандивласан хандив нь Монголын хамгийн сайхан ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулах үйлсэд зориулагдана. Холбогдох утас нь 99006867 

Б.ДАВАА

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [46.244.155.161]   4-р сарын 20, 2017
Ийм хүн бас байдаг
Зочин
Зочин    [46.244.155.161]   4-р сарын 20, 2017
юм байхдаа...
Зочин
Зочин    [61.37.11.206]   4-р сарын 20, 2017
Биширч бна.Ямар их сэтгэлийн тэнхээтэй бүсгүй вэ!Мундаг хөдөлмөрч эмэгтэй юм.Амжилт хүсье!Холбогдох утас өгнө үү?
Зочин
Зочин    [43.242.242.51]   4-р сарын 21, 2017
Жич: Уранчимэг эгчид эдгээр оюутны төлбөрийг шийдэхээс илүү Өлзийт хорооллын байшингаа "ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ" болгох гэгээн зорилго бий. Гэгээн тэмүүлэлтэй Монголчууд бид түүний байшинг заруулахгүй байж чадна. Хэрвээ та туслахыг хүсвэл Хаан банк 5033127955 (Дансны нэр Б.Уранчимэг) тоот дансанд чин сэтгэлийн хандив өгөөрэй. Таны гэр бүлийнхээ өмнөөс хандивласан хандив нь Монголын хамгийн сайхан ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулах үйлсэд зориулагдана. Түүнтэй холбогдох утас 99006867
Зочин
Зочин
Зочин    [66.181.187.97]   4-р сарын 20, 2017
Хэлэх үг алгаа
Зочин
Зочин    [112.72.11.103]   4-р сарын 21, 2017
Ymar ih saihan setgel ve bishirch bna
Зочин
Зочин    [117.111.20.83]   4-р сарын 21, 2017
Vnheer mundag...biee Sain vzvvlj haruulaarai.tani shig hvn hovor tul taniig baihgvi bol ene onchin hvvhdvvd yah bol gehees aimaar sanagdaj bn.saihan setgeltei hvn baiv ch mon l tani shig zorigloh n hovor.amidral bie bienee hairlaj amidarii...
Зочин
Зочин    [27.123.214.119]   4-р сарын 21, 2017
Vnexeer mundag ymaa. Xamgiin gol ni biye bodooroi urnaa egchee...
Зочин
Зочин    [202.70.46.209]   4-р сарын 21, 2017
Holbogdoh utasiig ni oruulaach
Зочин
Зочин    [43.242.242.51]   4-р сарын 21, 2017
Уранчимэг эгчид эдгээр оюутны төлбөрийг шийдэхээс илүү Өлзийт хорооллын байшингаа "ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ" болгох гэгээн зорилго бий. Гэгээн тэмүүлэлтэй Монголчууд бид түүний байшинг заруулахгүй байж чадна. Хэрвээ та туслахыг хүсвэл Хаан банк 5033127955 (Дансны нэр Б.Уранчимэг) тоот дансанд чин сэтгэлийн хандив өгөөрэй. Таны гэр бүлийнхээ өмнөөс хандивласан хандив нь Монголын хамгийн сайхан ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулах үйлсэд зориулагдана. Түүнтэй холбогдох утас 99006867
Зочин
Зочин
Зочин    [66.181.186.82]   4-р сарын 21, 2017
Утасыг нь авмаар байна
Зочин
Зочин    [43.242.242.51]   4-р сарын 21, 2017
Уранчимэг эгчид эдгээр оюутны төлбөрийг шийдэхээс илүү Өлзийт хорооллын байшингаа "ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ" болгох гэгээн зорилго бий. Гэгээн тэмүүлэлтэй Монголчууд бид түүний байшинг заруулахгүй байж чадна. Хэрвээ та туслахыг хүсвэл Хаан банк 5033127955 (Дансны нэр Б.Уранчимэг) тоот дансанд чин сэтгэлийн хандив өгөөрэй. Таны гэр бүлийнхээ өмнөөс хандивласан хандив нь Монголын хамгийн сайхан ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулах үйлсэд зориулагдана. Түүнтэй холбогдох утас 99006867
Зочин
Зочин    [202.9.41.26]   4-р сарын 22, 2017
Estoi mundag hun yuma 76 aas iluu bna
Зочин
Зочин
Зочин    [202.179.24.36]   4-р сарын 21, 2017
ямар мундаг хүн бэ?
Зочин
Зочин    [59.153.87.209]   4-р сарын 21, 2017
манай 76 дотор ийм хүн бий билүү
Зочин
Зочин    [59.153.87.209]   4-р сарын 21, 2017
menget niimka ingej chadakh bol uu
Зочин
Зочин    [202.21.100.210]   4-р сарын 21, 2017
ene chin xarin jinxene amid burxan bna xumuusee
Зочин
Зочин    [202.179.24.235]   4-р сарын 21, 2017
yasan saihan setgeltei8 hinleg busgui be. sai saihanig husie.
Зочин
Зочин    [150.129.143.144]   4-р сарын 21, 2017
Ene buhen unen shu.uneheer mundag egch shu.duu nar ni ch mundag humuujiltei,uhaantai humuus bdg shu.
Зочин
Зочин    [66.181.178.193]   4-р сарын 21, 2017
Зурагтаар аргал түүж зараад байшин барьж түүндээ өнчин ядарсан
Зочин
Зочин    [202.179.4.46]   4-р сарын 21, 2017
мундан юмаа бие сайн бодоорой амжилт
Зочин
Зочин    [66.181.178.193]   4-р сарын 21, 2017
хүүхдүүдийг хооллож байгаа гээд гарч байсан
Зочин
Зочин    [43.242.242.51]   4-р сарын 21, 2017
Уранчимэг эгчид эдгээр оюутны төлбөрийг шийдэхээс илүү Өлзийт хорооллын байшингаа "ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ" болгох гэгээн зорилго бий. Гэгээн тэмүүлэлтэй Монголчууд бид түүний байшинг заруулахгүй байж чадна. Хэрвээ та туслахыг хүсвэл Хаан банк 5033127955 (Дансны нэр Б.Уранчимэг) тоот дансанд чин сэтгэлийн хандив өгөөрэй. Таны гэр бүлийнхээ өмнөөс хандивласан хандив нь Монголын хамгийн сайхан ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулах үйлсэд зориулагдана. Түүнтэй холбогдох утас 99006867
Зочин
Зочин    [202.21.117.178]   4-р сарын 21, 2017
Өнчин хагас өнчин хүүхдүүдэд төрийн сангаас үнэ төлбөргүй суралцуулдаг. Хүүхдүүдэд нь тэр хөнгөлөлт олдох л байх. Хөөцөлдөөд үзвэл
Зочин
Зочин    [202.9.41.147]   4-р сарын 22, 2017
Buten unchin gej zaadag bolson bna lee
Зочин
Зочин
Зочин    [94.30.168.62]   4-р сарын 21, 2017
бие муутай юм байнаа.туслаад эмчлэд егех сайхан эмч , эмнэлэг олдох болов уу
Зочин
Зочин    [112.72.15.66]   4-р сарын 22, 2017
ХАРИН ТИЙМЭЭ ҮНЭГҮЙ ЭМЧЛЭЭД ӨГӨӨСӨЙ
Зочин
Зочин    [65.49.68.167]   4-р сарын 22, 2017
үнэхээр мундаг эмэгтэй шүү. Таньд үнэхээр их баярлалаа. Таний хүчинд бид өдий зэрэгтэй яваа шүү
Зочин
Зочин    [65.49.68.167]   4-р сарын 22, 2017
САЙН БАЙНА УУ? ЭНЭ ГЭГЭЭН МЭДЭЭЛЛИЙГ УНШАЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСЭД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ. Б. УРАНЧИМЭГ ЭГЧЭЭР ДАМЖУУЛААД 4 ЖИЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХИЙЛГҮҮЛСЭН МУБИС-ИЙН ОЮУТАН БАЙНА. МИНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ ДЭМЖИЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨДРӨГӨӨР ХАРАХАД ИЙМ ТОМ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ ӨГСӨН Б. УРАНЧИМЭГ ЭГЧДЭЭ БАЯРЛАЛАА. Б.УРАНЧИМЭГ ЭГЧИЙНХЭЭ БОЛОН МИНИЙ ТӨЛБӨРИЙГ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ МӨРӨӨДӨЖ ЗОРЬСОН СУРГУУЛИА ТӨГСӨХ ГЭЖ БАЙГААДАА МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА. ҮЕ ТЭНГИЙН ОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ, АЖЛЫН ГАРААГАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ДИПЛОМОО АВААД ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААДАА СЭТГЭЛ ТУЙЛЫН ЭХ БАЯРТАЙ БАЙНА
САЙХАН СЭТГЭЛД СААД ҮГҮЙ
САЙН ҮЙЛСЭД ХЯЗГААР ҮГҮЙ
Б. УРАНЧИМЭГ ЭГЧИД БАЯРЛАЛАА Б. УРАНЧИМЭГ ЭГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮМДЭЭ ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Зочин
Зочин    [202.179.7.107]   4-р сарын 22, 2017
mash saihan setgeltei bvsgvi eej aaw ni ch gsn iim saihan hvmvvs bsn umaa dvv nartaa aaw eejiin hairiig ni orlosn mundag bvsgvi saihan setgelt hvn bvr demjeerei ta bvhend buyan bolno bolno gedegt itgej bn
Зочин
Зочин    [103.57.94.210]   4-р сарын 23, 2017
Хүний сайхан сэтгэл ээ гэж ийм хүн олон болоосой
Зочин