Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх “Алтан агсарга” нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ.

Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбаруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүийн үйл ажиллагааг нь дэмжин тэтгэх, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбарууд дахь дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлж дэмжих юм байна.

Мөн нийгэмлэгээс олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжин, чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтэдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх ажээ.

Олон улсын монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн үүсгэл санаачлагаар голомтоо бадрааж өдгөө европ, ази, австрали америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвүүдтэй төдийгүй олон зуун эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээрээ дэлхий дахинд монгол улс үндэстнийг таниулан сурталчилж байдаг.

Монгол улсад төвтэй Монгол судлалыг хүчтэй хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн бахархалт үүргээр зогсохгүй өнөөдрийн улс нийгэмд тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд төр засгийн холбогдох институциуд болон олон улсын ба дотоодын хөрөнгө оруулагчдад тогтвортой урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэх суурь судалгааны орчинг бүрдүүлдгээрээ нийгэмд ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [182.160.33.130]   4-р сарын 30, 2017
hehhe
Зочин