МОНГОЛ БИШ "МОНГОЛ УЛС” ГЭХ ХҮНДЭТГЭЛ

Үг хэлээгүй байхад царай төрх, алхаа байдлаас минь “Монгол” гэж таньдаг элгэн сэтгэлийг би зөвхөн Өвөр Монголд явахдаа мэдэрдэг. “Би Монголоос ирлээ” гэж хэлэхэд “Монгол Улсаас уу” гэж засч өөриймсдөг нууцхан хүндлэлийг ч бас Өвөр Монголчуудаас хардаг.

Тэдний хувьд “Улс” гэдэг нэр тийм эрхэм юм. Улс нь тусгаар тогтносон нутаг дэвсгэр дээрх Засгийн газар, хүн ам, дээд эрх мэдэл гэсэн ойлголтуудаар тодорхойлогддог гэж тайлбар тольд тайлбарлажээ. Өвөр Монголчуудын хувьд “дээд эрх мэдэл” нь Хятад улсынх, Өвөр Монголчууд өөрсдөө бие даан аливаа том шийдвэр гаргах эрхгүй. Хэдийгээр Хятад улс олон үндэстнээ эрх тэгш хамгаалдаг ч нэгдмэл гүрний бодлого дор нь нэгж үндэстнүүдийн хүсэл тэмүүлэл, соёл уламжлал, хэл бичиг уусан доройтдог. Энэ жишээг монголчууд биднийг 220 жил эзлэн захирч явсан манж үндэстний түүхээс бэлхнээ харж болно. Өнөөдөр манж улс гэж байхгүй, манжийн газар нутаг гэж үлдээгүй, хэл бичиг нь хэрэглэгдэхээ больжээ. Нэгэн цагт хүчирхэг явсан Манж Чин улс өөрийн харъяанд байсан хятад үндэстэнд бүрэн автаж ууссан. Хэлээ мартаж, үндэсний соёл ахуйгаасаа холдсон Манжуудыг хятаджуулахад ердөө 40 гаруйхан жил хангалттай байсан гэдэг.


МОНГОЛООРОО ҮЛДЭХ ГЭСЭН ЧИМЭЭГҮЙ ТЭМЦЭЛ

Өнөөгийн Хятад улс 56 үндэстнээс бүрддэгийн ердөө 5 нь л өдгөө үндэсний хэлтэй, бичигтэй, засаг захиргаатай байна. Эдгээрийн нэг нь монгол юм. Ийм ч учраас Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт дээр босоо монгол бичгээ залуулсан байна.

Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн ар дахь бичвэр

Дэлхийн хүн амын 20% буюу 5 хүн тутмын 1-ийг бүрдүүлдэг 1,4 тэрбум хятадуудын дунд хэл бичгээ, соёл уламжлалаа хадгалж үлдэхийн тулд хэр их сорилт бэрхшээлтэй тулгардгийг тооцоолоход амаргүй. “Бид хүүхдээ сургуульд оруулаад л алдчихаад байна. Багад нь гэртээ монголоор ярьж, монгол ахуй соёлдоо сургаж өсгөдөг ч хүүхэд маань дунд сургуульд орсон хойноо хятад бичиг үзэж, алхам тутамдаа хятадаар ярьж, хаашаа л харна хятад соёл дунд орчихдог. Үзэх, сонсох, сурах, ажиллах орчин нь бүгд хятад болчихоор сэтгэлгээ хүртэл уусан холилдож байна. Дээхнэ үед бид өөрсдөө хятад хэл сурах хэцүү даваа байсан, өнөөдөр хүүхэддээ монгол хэлээ сургах л хамгийн бэрх ажил болсон доо” гэх эцэг эхтэй тэнд олон таарна.

Нийгэм, цаг үеийн бас нэг шахалт тэдэнд том дараас болж байна. Монгол бичгээ дагнан сурснаас хятад хэл сайтай болох нь орчин үеийн залууст ашигтай байна. Ийм л учраас тэнд монгол хүн хэрнээ монголоороо уншиж бичиж чаддаггүй, бүр ярьж чаддаггүй залуус улам бүр олширч байна. Гар утас, интернэтийн хэрэглээ монгол бичгийн хэрэглээг улам бүр хоцрогдуулж байна. Энэ бичиг бие даасан тусгаар улсынх биш учраас тэр гэчихвэл хэт хилсдүүлсэн хэрэг болохгүй.

Бидний хэрэглэдэг крилл монгол бичгийг Apple, Samsung-ийн аль нь ч, google, facebook-ийн хэн нь ч ялгаагүй тохиргооны үндсэн цэсэндээ оруулсан байхад уйгаржин монголоор дурын вэб хөтөч дээр ч мэдээлэл таньж уншихгүй байна. Тэр компаниуд крилл бичгийг анхаарч тоосондоо биш, Монгол гэдэг тусгаар улсыг хүндлээд хэл бичгийг нь, цагийн бүсийг нь бүтээгдэхүүндээ албан ёсоор оруулсан хэрэг.

Нөгөө талаас, том үйлдвэрлэгчид дэлхийн хамгийн том зах зээл Хятадад зориулж тусгай хөгжүүлэлтүүд хийдэг болсон байхад босоо монгол бичгээ цахим орчинд ашиглах программуудыг Өвөр Монголчууд өөрсдөө хийхээр чармайж байна. Цахим орчны нөлөөллөөс шалтгаалан бид өөрсдийн крилл бичгээрээ ч зөв бичиж чаддаггүй хойч үетэй болж байгаа атлаа нийгмийн тэр их ялгаа зөрүүн дор нухлагдаж яваа Өвөр Монголчуудыг “монголоороо байсангүй” гэж амны зоргоор хэлэхээс халгамаар.

Сурагчид сургууль дээрээ ижил хувцсаар жигдэрдэг бол эцэг эхчүүд Гэрийн ахмадын хуралд үндэсний хувцсаараа гоёж ирдэг


МАРТАГДАЖ ЭХЭЛСЭН НҮҮДЭЛЧ СОЁЛ


Тусгаар улс байхын бас нэг жаргал бол нутаг орондоо эрх дураар амьдран суух. Монголчууд бид хараа хүрсэн газартаа малаа бэлчээж, хөл хүрсэн газартаа нүүж буудаг бол Өвөр Монголчууд хашаалж торлосон жижиг газар дотор малаа хашиж, улсаас барьж өгсөн шавар гэрт өөрсдөө амьдарч байна.

Өнгөц харахад, улсаас өндөр хангамжтай, эд мөнгө арвинтай байгаа нь сайхан мэт боловч энэ дунд монгол соёл улам бүр устаж байна. Энэ төрх байдал яг л киноноос үзсэн Америкийн уугуул иргэд индианчуудыг санагдуулам.

Өнөөдөр аль хэдийнэ устаж үгүй болсон нутгийн индианчуудын соёл иргэншил мөн л монгол гарвалтайг ёс заншил, шүтлэг, газар усны нэрс, монгол үг хэллэгээр нь судалсаар байгаа билээ. Тэнүүн талдаа дураар нүүдэллэх эрх чөлөөг санагалзсан Өвөр Монголын малчид “Өвөр Монголд амьдарснаас ар Монголдоо адуу болж төрөх нь хийморьтой” гэцгээж байна.

1980-аад оны Өвөр Монгол айл


Сүүлийн жилүүдэд морь уяулахаар уяачдыг, морь унуулахаар унаачдыг, дээл урлуулахаар оёдолчдыг, сүү сааль хийж, сур элдүүлэхээр малчдыг Өвөр Монголчууд Монгол Улсаас урьж ажиллуулж байна. Хэл бичиг, үндэсний дуу бүжиг, урлаг соёлын мэргэжилтнүүдийн солилцоо бүр эртнээс эхэлсэн. Энэ бол үндэстэн “хайлах”-ын нэгэн дохио юм.


"ХАГАС МОНГОЛ, ХУЖАА" ХОЧ


Монголд ирээд буцсан Өвөр Монголчууд аяллын түүхээ санаашрангуй дурсах нь олонтаа. Хөөрч догдолж, хүлээж төсөөлөн явсаар буухад өмнөөс нь “муу хужаа” гэж харааж Монгол нь угтсан, таксинд суух, хоол идэх бүртээ хялайлган дээрэлхүүлсэн, мөнгөө хулгайлуулсан, Нарантуул дээр хулхидуулсан, Монголын бараа гээд үнэ хайрлалгүй автал “Made in China”-тайгаа буцаж ирсэн гээд олон зүйлийн “юм” үзсэн ч энэ тухайгаа бусаддаа тэр болгон ярьдаггүй гэнэ. “Монголоо гэсэн халуун сэтгэлийг нь хөргөөд яахав дээ” гээд иймэрхүү явдлыг нөхөддөө цухуйлгадаггүй гэх залуутай таарав. Нийтийн газарт үг хэлэхгүй л явмаар юм билээ, ганц үг унагаад л шууд “хужаа” нэртэй болчихдог гэж инээдэм болгох нөгөө нь ч байв. Ийм үгсийг сонссоны дараа их сургуулийн оюутан залуу “Би удахгүй Монголд очно” гээд нүд нь гялалзахыг хараад сэтгэл өвдсөнөө нуух юун.

Өвөр Монголчуудын монголоо гэх сэтгэлийн туг болсон эрдэмтэн Боржигон Гэрэлт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэрээ Монголд зочилсон тухайгаа ийн хүүрнэсэн билээ.

“Гадны хүн гарч болохгүй гээд намайг овоонд гаргаагүй. Би ч бас Хавт Хасарын үр сад, монгол хүн, Боржигон Гэрэлт шүү дээ гэж хэлээд ч зөвшөөрөөгүй. Одоо эргээд харахад намайг гаргаагүй нь зөв ч байх даа гэж боддог. Тэр хүн овоогоо нандигнаж, хаана гишгэсэн ямар гуталтай хүн гарах юм билээ гэж цээрлэсэн болов уу. Дараа нь би Чингисийн төрсөн газарт корпорацийн захиралтай тусгайлан очсон. Үнэхээрийн гоё газар. Дэлүүн Болдогт очоод овоог нь тахиад, голынх нь дэргэд дээшээ хараад хэвттэл нэг сайхан мод байсан. Би монгол нутгаас чулууг нь авч болохгүй, эмийг нь авч бүр болохгүй гэж боддог юм. Гэсэн ч би модноос унасан нэг ширхэг навчийг нь аваад 10 жил түрийвчиндээ хадгалсан. Эхний 5 жил зүгээр байснаа сүүлийн 5 жилд нь үрэгдсээр байгаад юу ч үгүй алга болсон. Чингис хааны нутгийн навчийг биедээ 10 жил үрээд үгүй болтол нь нандигнан хадгалж явсан. Навч даан ч биед удаан тэсдэггүй юм билээ...”

ӨМӨЗО-ы Монгол эм, химийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Боржигон Гэрэлт

Монголчууд яагаад ингэж ханддаг болсон, энэ сэтгэлгээ юунаас үүдэлтэйг чадах ядахаараа хэлж #өөрсдийгөө өмгөөлсөөр явсан ч юмны учир олж уужуу тайван ханддаг монгол зангаа гээсээр байгаа өнөө үеийнхэндээ урам хугармаар.

Монголчууд хятад хүний муу занг “хужаа зан” гэж хочлон нэрлэдэг. Энэ үг хуачяау буюу “цагаач хятад” гэсэн үгнээс эхлэлтэй гэх нь бий. Хятад хүн ясны наймаачин зантай, ашиг хонжоо хөөж яваа цагаач хятад нь бүр цагаандаа гарсан шулаачид байсан тул ийнхүү зэвүүцсэн хэрэг. Харин өнөө цагт хятад зантай хүнийг хочлохоосоо илүү хятад угсаатай гэж муушаахдаа энэ үгийг их хэрэглэх болжээ.

Гэтэл сэтгэлдээ дээдлэн Монголоо зорин ирдэг тэдний удам угсааг тодруулж гаргаад хараасан нь хэд билээ. Үнэндээ, удам түүхээ мэдэх талаар тэд биднээс хавьгүй дээр болов уу. Ястны түүх яривал өөдөөс бүр нарийвчилсан овог удмын түүх өгүүлж чаддаг хүмүүстэй Өвөр Монголд цөөнгүй таарсан. Бид тэднийг хятадын эрлийз, хагас Монгол гэж төсөөлөн ингэж дууддаг бол тэд өөрсдийг нь “хятад”, “хужаа” гэж нэрлэхэд яснаасаа гомддог гэнэ. Тэдний хувьд энэ хамгийн муухай доромжлол ажээ. “Өвөр Монголчууд хятадын юм бүхэнд дургүй, ганцхан улаан мөнгөнд (100 юанийн мөнгөн дэвсгэрт) нь л дуртай” гэсэн тэдний дунд яригддаг явган шог монгол хүн бүрийн цусанд шингээстэй байдаг үзэл хандлагыг илтгэх мэт. Тэд ялгаагүй л монгол ажээ.

Өвөр Монгол гэр бүл

Нэгийг бодогдуулам бас нэг яриаг энд хуваалцъя. Бид адилхан монголоор ярьж байгаа мөртлөө та нар Хятад улс гэж, бид харин Дундад улс (өрнө, дорнын соёлын дундах газар нутаг гэсэн утга илэрхийлсэн нэршил гэж зарим нь тайлбарлав) гэж хэлдэг. Хятад улс гэхэд бид багтаагүй юм шиг сонсогддог гэж нэгэн багш хэлж билээ. Нээрээ яагаад бид Хятад улс гэж анхнаасаа нэрлэж хэвшсэн юм бол? Та нар биднийг ар Монгол, халх Монгол гэдэгтэй адилхан юм даа гэхэд “Бид Монгол Улс лгэдэг шүү, та нар өөрсдийгөө тэгж тодотгоод байдаг” гэж хариулсан юм.


ӨМӨЗО-Ы ҮНЭН ТҮҮХ

130 гаруй оронд амралт, парадаар өргөн тэмдэглэсэн Майн баярын сүр дуулианд нэг бяцхан мэдээ дарагдаж үлдэв. Энэ бол “ӨМӨЗО 70 жилийн ойгоо тэмдэглэж байна” гэх албан хэллэгтэй товчхон мэдээ. Хятадын Xinhuanet агентлагаас бэлтгэн нийлүүлсэн тус мэдээнд “БНХАУ-ын анхны автономит эрхтэй бүс нутаг болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр тус өөртөө засах орны зүүн бүсийн Улаан хотод анх засаг захиргаа нь байгуулагдаж байжээ” гэж тодотгоод, тус бүсийн эдийн засгийн цөөн үзүүлэлтийг онцолжээ.

ӨМӨЗО-ы мэдээллийн сайтад нийтэлсэн зураг

Манай хэдхэн хэвлэл үүнийг нь үгийн зөрөөгүй орчуулж гаргаснаас биш үүний ард ямар түүх бий билээ, тэд хэн билээ гэдгийг төдийлөн ойшоож тоосонгүй өнгөрөв. Өвөр монголчуудад ингэж хэт хүнийрхүү хандах энэ үзэл хожмын ар өвөр монгол үр хойчис бие биенээ гадаад хүн гэж харахын эхлэл гэлтэй.

Өвөр Монголын газрын зураг

Энэ бол манай улсын өмнө талд баруунаас зүүн тийш 2400 км, өмнөөс хойд чигт 1700 км сунасан 1,1 сая км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, өөрийн хэл, үндэсний бичиг соёлтой, засаг захиргааны тусгай эрхтэй, Хятад улсын харъяаны муж юм. ӨМӨЗО-ы нийт хүн ам 25 саяд хүрсний дөнгөж 4.6 сая нь буюу 18% монгол үндэстэн, үлдсэнийг нь хятад, цөөн тооны бусад үндэстэн бүрдүүлдэг. Зарим эх сурвалжид Өвөр Монголчуудын тоог арай олноор тэмдэглэдэг ч тэдгээр илүү тооныхон жинхэнэ монголчууд биш гэнэ.

Хятадын Засгийн газраас цөөнх үндэстнүүдийг дэмжих бодлогын хүрээнд уугуул үндэстнүүдийг ажилд томилох, дэмжиж сургах гэх мэт арга алхам хэрэгжүүлдэг учир овог удмаа "монгол" гэж бичээд ийм боломж эдлэх гэсэн "хуурамч бүртгэлтэн"-ий тоо сая давсан гэнэ.

ӨМӨЗО-ы газар нутаг Хятадын нийт нутаг дэвсгэрийн 1/8 хувийг эзэлдэг. Харин Хятад улс 9.6 сая км.кв нутаг дэвсгэрээрээ дэлхийн гуравдагч том газар нутагтай улс билээ. Уг нь энэ газар эрт үес монголчуудын унаган нутаг байв. Хүннү, Сяньби, Түрэг, Кидан, Зүрчин зэрэг эртний нүүдэлчид, түүнээс улбаалсан Монголын эзэнт гүрний мэдэлд энэ нутаг бүхлээрээ багтаж байв. Эзэнт гүрэн задарсны дараа, түүхийн дунд үед Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хаан, Их Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Лигдэн өнөөгийн Өвөр Монголд төвлөн сууж улсаа захирч байв. Тэдний түүх агуулсан дурсгалт газар Хөх хотод гэхэд олонтаа таарна. Дашрамд дурьдахад, өмнөд хөршид Хубилай хааны тухай өөр шинэ кино, бас Мандухай хатны түүх өгүүлсэн телевизийн бүтээл хийж байгаа гэсэн. Магадгүй, нэг их удалгүй Өвөр Монголын одоогийн нийслэл Хөх хотыг үүсгэн байгуулсан Алтан ханы тухай ч бүтээл хийх биз. Батмөнх даян хааны ач, Барсболд жононгийн 2 дахь хүү тэрбээр 1586 онд Абтай Сайн ханы дэмжлэгтэйгээр хуучин Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэзуу хийдийг байгуулсан нэгэн билээ.

Монголын эзэн гүрний газар нутаг, XIII-XIV зуун

Дотоод хагарал бутралынхаа гайгаар түүхэндээ анх удаа бусдад дагаар орсон гашуун түүхийн мөчлөг буюу Манжийн эзэрхийллийн үед ч ар, өвөр Монголчууд нэгдмэл ард түмэн байв.

1911 онд Манж Чин улс мөхөхөд Хятад, Монголд адилхан хувьсгал эхэлсэн түүхтэй. Манж Чин улс мөхсөний дараа Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглахаар Богд хаанаар тэргүүлүүлсэн тухайн үеийн ноёд язгууртнууд тэмцсэн билээ. “Үндэсний эрх чөлөөний хувьсгал” гэж түүхэнд нэрлэгдсэн энэ тэмцэл зөвхөн ар Монголынх байгаагүй. Бидний бахархан дурсдаг олон баатар эр Өвөр Монголоос тэмцэлд нэгдэж явжээ. Гамингийн шоронд босоогоороо нөгчсөн баргын Дамдинсүрэн, Оросын цагаан хаанаас тусламж гуйхаар явагсдын нэг чин зүтгэлт Хайсан гүн, цэргийн яамны дэд түшмэл Тогтох, 1913 онд Монгол Улс таван замын их цэргээр өмнө зүгт дайлахад Дарьгангын чиглэлийн цэрэг удирдсан Бавуужав, 1921 онд ардын журамт цэрэг байгуулахад хамгийн түрүүнд элсэн орж Ховдыг чөлөөлөх дайн, Хиагтын тулаанд оролцсон Сумъяа бээс нарыг эн тэргүүнд нэрлэж болно. Тэдний эх оронч тэмцлийг үнэлэн Богд хаанаас “Манлай баатар”, “Зоригт баатар”, “Шударга баатар”, “Ялгуун баатар” зэрэг цол шагнаж, төр цэргийн албанд тохоон томилж байв.

Харамсалтай нь, Манж Чингийн орыг залгамжилсан Хятадын гоминдан намынхан ар Монголтой нийлж, тусгаар Монгол Улс байгуулахыг оролдож байсан өвөрлөгч хошуудад цэргийн хүч суулгаж, үндэсний эрх чөлөөний үйл ажиллагааг дарангуйлан зогсоожээ. Энэ л үеэс өвөрлөгчдийн толгой дээр Манж Чингээс хэд дахин харгис харанхуй тавилан буусан гэж судлаачид тэмдэглэжээ.

XX зууны эхээр өрнөсөн их хувьсгалын үеэр Орос ч, Хятад ч дотооддоо төрийн эргэлттэй байсан тул хил залгаа уудам зэлүүд хэрнээ асар их баялагтай газар нутгийг ашиглан захирах хүсэлтэй байхаас биш тусгаар тогтнуулах сонирхолгүй байв. Эцэст нь, хөрш хоёр их гүрний шахалт ятгалгаар хиллэдэг нутгаараа ар нь Оросын, өвөр нь Хятадын нөлөөнд аргагүйн эрхэнд орсон нь бодит үнэн билээ. Үүний эсрэг сөрөн тэмцсэн ар, өвөр Монголын язгууртан, сэхээтнүүд яаж хэлмэгдэж хядагдсаныг санахад зүрх шархирмаар.

1911-1947 он хүртэлх 36 жилд Өвөр монголчуудыг хэрхэн дарангуйлж, хэчнээнийг хядаж устгасан талаар тодорхой тоо баримт төдий л ил биш ч XX зуунд хэлмэгдэж амь насаа алдсан өвөрлөгч 1 саяд хүрсэн гэж үзжээ. Энэ их хэлмэгдүүлэлт үнэн хэрэгтээ 1980-аад хүн хүртэл үргэлжилсэн аж.

Монголчууд ар, өвөр гэж хилээр салсан түүх тун саяхных. Судлаачдын тэмдэглэснээр ердөө 68-хан жилийн өмнө 1949 онд Мао Зэдун БНХАУ-ыг байгуулахад л Өвөр Монголын нутаг, иргэд “хүний мэдэл”-д бүрэн очсон юм.

Гэхдээ өнөөгийн Хятад улс байгуулагдахаас даруй 2 жилийн өмнө ӨМӨЗО тусгаар тогтнолоо зарласныг уншигч та анзаараа биз. ӨМӨЗО бол Хятадын нутагт тухайн үед эрх баригч гоминданы захиргаадалтаас хамгийн түрүүн тусгаар тогтносон муж юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Хятадын коммунист намаар удирдуулсан ялалтын анхны бамбар нь тэд байв. Өвөр Монголчуудын зоримог тэмцлээс урамшсан ард олон өнөөгийн Хятад гүрнийг байгуулсан гэж ч зарим сурвалжид онцолсон нь бий.


МОНГОЛ БОЛ ШҮТЭЭН ГАЗАР

Монголоос авсан эд эдлэл тэнд үнэтэй, хүндтэй байна. Чингис хааны хөргийг тэд бурхныхаа оронд дээдлэн залж байна. Монголын далбаа, газрын зургийг хүндлэн хадгалж байна. Машиндаа монгол дуу шүлэг сонсч явна. Караокед нь Харанга, Хурдын дуунууд цуурайтаж байна. Ширээн дээр нь “Тунгалаг Тамир” дэлгээстэй байна. Монгол хүнтэй уулзсанаа хийморьтой байна гэж хэлдэг, монгол хүнийг ирэхэд нутгаас минь хүн ирлээ гэж байгаа бүхнээ үнэгүй барьдаг монголчууд Хятадын өмнөд нутагт ч бий гэнэ.

Тэдний хувьд Монгол Улс бол дээдлэн хүндэлдэг, сэтгэлдээ адис авдаг шүтээн газар нь юм байна. Ямар ч Өвөр Монгол хүний зүрхэнд “хэзээ нэгэн цагт очиж золгох нутаг минь” гэсэн бодол тэмүүлэл уяатай явна. Энэ тэмүүлэл эргэж нэгдэх, ирж амьдрах гэхээс илүү сэтгэлдээ сүслэх шүтээнтэй явах, удам түүхээрээ бахархах л гэсэн хүсэл юм.

Ар, өвөр нь байтугай далайн чанад, Ази, Европ, дэлхий дахинаар тархсан хөх толботнууд бүхлээрээ түүхийг нь өмчилж, менежментийн ухаан судлаачид "Чингис хаан бол 2 дахь мянганы манлай хүн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч үндэстэн бол Монголчууд" гэж нэр заан тодруулж байхад Хятадад Монголын, өөрсдийг нь захирч явсан Хубилай хааны түүхийг ердөө хоёрхон хуудсанд багтаан сурагчиддаа заадаг гэнэ лээ. Тийм нөхцөлд омогшил итгэлээ тэд Монголоосоо эрэхгүй гээд яах юм.

Бид харин Өвөр Монгол гэлтгүй, дэлхийгээр тархан суусан монголчуудаа зочлон ирэхэд айргаа сөгнөдөггүй юм гэхэд алгаа дэлгэж мэндлээд үдэхэд яах вэ дээ, хэдэн зоос нь л манайд үлдэнэ...

Өвөр Монголчууд жил бүр Чингисийн онгоныг тахидаг


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [66.181.160.24]   5-р сарын 04, 2017
ИХ Л САЙХАН ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ИЛҮҮ ДУТУУГАА НӨХЖ ЯВЦГААВАЛ ХОЖИНО ДОО
Зочин
Зочин    [202.21.111.50]   5-р сарын 04, 2017
Za bolidoo ene bol hujaa nariin yavuulag shyy. Hervee Hyatad zadarval l bid ene asuudliig bodoj ehleh tsag ye irne. Hyatad iim hychirheg bhad uvur Mongolchuudaar damjij Mongold oroh zam n yum. Iim yum internetd bitgii tavij zaluusii maani setgeliig byy egryyl hujaagiin hulsnii bicheech guai.
Зочин
Зочин    [27.123.214.125]   5-р сарын 13, 2017
Залуусдаа vvх тvvхээ мэдvvлэх талаар юм хийчихээд дараа нь хvнийг vгvйсгэж бай! Мэдлэггvй хоосон шvvмжлэгч Гуай!!!!
Зочин
Зочин    [122.201.23.226]   5-р сарын 14, 2017
chinii naad helj bgaa chini harin hyatad bolon gadniihnii bodlogo bidniig ev tunjingui sanaa setgel tusgaar blgaj hagalan butargah zorilgo yum shuu
Зочин
Зочин
Зочин    [202.9.40.36]   5-р сарын 04, 2017
Өвөр Монголд явж байхад надаас ч илүү цэвэрхэн ярьдаг хүмүүстэй таарч байлаа. Эх хэлээ дээдлэн хамгаалах юмсандаа босоо бичигтэй Монголчууд минь.
Зочин
Зочин    [66.181.190.9]   5-р сарын 12, 2017
uvur mongol ar mongol gez bgaagui, ar halh ubur halh gej bsan.Gersenz hutugtiin ih hatan 7 n huud ni huvaaj ugsun bdag.goviin urd hesgiig uvur hoid hesgiig ar halh gene.Mongol gedeg neren dor xasariin udamiin zuun mongol buyu horchin,harchin baruun mongoliin torguud,uuld bayid geh met bugd orno.Hoinoos buriad.Buriad gedeg ni zohiomol ner jid aimgiin buriaduud chitiin buriadtai oilgoltsohgui jidiin oyor dood burgaltai zereg
Зочин
Зочин    [66.181.190.9]   5-р сарын 12, 2017
zarim sumiihan halhaar yaridag.Manaihan jided oilgoltsono chited oilgohgui.baruun mongoliin hoshuud aimag havt hasariin ur sad /turbaih hoyon,anu hatan/ turbaih buju guush haan hasariin 16 dahi ueiin az.
Зочин
Зочин    [66.181.160.81]   5-р сарын 12, 2017
бодууштай л юмаа нэгийг бодож хоёрыг тунгаалаа баярлалаа
Зочин
Зочин    [66.181.182.209]   5-р сарын 13, 2017
Orovdmoor shyy
Зочин
Зочин    [202.170.68.38]   5-р сарын 14, 2017
unen shuu dee odoo negnee muulj doromjilj hanalaa uur hoorondoo evtei baimaar bna baruun mongol ,halh ,uvur mongol ,kazak gej taltsmaargui bna mongol gedeg neriin door bugd bgaa tsagt evtei bval bid buhniig bosgoj chadna
Зочин
Зочин    [202.55.180.2]   5-р сарын 15, 2017
Өөрсдийгөө Өвөр монголд байна гээд төсөөлөөд үз дээ. Тэгвэл эдний зовлонг хагас хугас ойлгох байх. Тийм болохоор тусгаар тогтнол гэдэг агуу зүйл шүү.
Зочин