Монголчууд төрийн тэргүүнээ сонгох 7 дахь удаагийн сонгуульдаа бэлтгэж байгаа энэ өдрүүдэд Францын шинэ ерөнхийлөгч тодров. Өчигдөр тодорсон шинэхэн ерөнхийлөгч “сонголтын шинэ эрин" эхэлснийг батлах бас нэг жишээ боллоо.

Сүүлийн жилүүдэд содон сонин зантан, өөрийнхөөрөө авирлагч, ардач популистуудыг ард иргэд сонгосоор байгааг бид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайп Эрдоган, Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Цай Ин Вэнь, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте нараас харж болно.

Франц улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд эрх барьж ирсэн уламжлалт түүхтэй 2 том нам унаж, шинэхэн байгуулагдсан “En Marche” гэх жижиг нам ялав. Хоёр дахь шатны сонгуульд тунаж үлдсэн 2 нэр дэвшигчээс үнэмлэхүй буюу 66 хувийн ялалт байгуулан 39-хөн настай, улс төрийн 5-хан жилийн туршлагатай, хувийн амьдралдаа огцом давалгаа олонтой, товчхондоо бол цөс ихтэй, цочмог үгтэй нэгэн гарч ирэв. Өдгөөгийн ерөнхийлөгч 62 настай Франсуа Олландыг залгамжилж буй Эммануэль Макрон ийнхүү Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болж байна. Экс банкир тэрбээр “En Marche” намыг өнгөрсөн наймдугаар сард одоогийн ерөнхийлөгч Франсуа Олландын намаас тусгаарлан байгуулсан юм. Мөн "Урагшаа" гэх хөдөлгөөн өрнүүлсэн нэгэн билээ.


“Төвийн үзэл баримтлалтай” гэгдэх шинэхэн ерөнхийлөгч Эммануэль Макрон өрсөлдөгч “хэт барууны үзэлтэн” Марин Ле Пенийг үнэмлэхүй ялсны шалтгаан юу байсан талаар улс төрийн шинжээчид 2 дүгнэлт гаргажээ.

      • 1. Хэний ч залгамжлагч биш байх буюу бусдаас сондгойрох дүр төрх

Улс төрд өмнө байгаагүй дүр төрхийг Эммануэль Макрон харуулсан нь хэний ч таамаглаагүй үр дүн авчирсан гэж олонх шинжээч дүгнэжээ. Тэр өмнөх удирдагчдын залгамжлагч эсвэл эсэргүүцэгч гэхээсээ илүү өөрийн бүтээх дүр, хийж бүтээх ажил, хүрэх үр дүнгээ чухалчлан олон нийтэд сурталчилжээ. Харин өрсөлдөгч Марин Ле Пен нь улсынхаа өнөөгийн тогтолцоог, гишүүнчлэлд нь багтдаг Европын холбоог, тэр бүү хэл олон мянган иргэд нь цагаачлан дүрвэн ирж буй улс орнуудыг ч ямагт буруушааж байжээ. Иргэд аливаа шүүмжлэл буруутгалаас илүүтэй хийх бодит ажил хүсдэг нь үүнээс харагдлаа гэж шинжээчид онцолж байна.

      • 2. Хувийн амьдралын содон түүх буюу хувирахгүй зан чанар

Европын тэргүүлэгч гүрний шинэхэн тэргүүний талаар олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаа нэг сэдэв бол түүний эхнэр. Францын шинэ тэргүүн хатагтай ерөнхийлөгч нөхрөөсөө 25 насаар эгч, нөхрийнхөө багш байсан нэгэн ажээ. Макрон 15 настайдаа тухайн үед 42 настай, 3 хүүхэдтэй байсан утга зохиолын багшдаа дурласан тухайгаа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр илэн далангүй хэлж байжээ. Үүнээс 15 жилийн дараа буюу Макрон 30, Брижит Троньео 55 настай байхад тэд гэрлэсэн гэнэ.

“Макрон 17 настайдаа "Ямар хариу өгсөн байлаа ч би тантай гэрлэнэ гэж хэлж байсан" гэж хатагтай Троньео сэтгүүлд ярьсан бол “Хэрвээ энэ эмэгтэй байгаагүй бол би энэ индэр дээр зогсохгүй байсан” гэж Макрон ахимаг насны эхнэрийнхээ гавъяаг тодотгожээ.

Тэдний хайр дурлалын түүхийг хардаж сэжиглэдэг хэсэг “Макрон ижил хүйстэн учраас ийм маягаар хөшиг татан нууж байна” гэж бичсээр ирсэн юм.

Юутай ч, бусдаас өөр дуугарч чадсан, содон түүх бүтээн амьдарсан хүмүүсийг ард олон сонгосоор байна. Энэ бол аль ч нийгмийн ард иргэд шинийг эрэлхийлж байгаагийн илэрхийлэл бололтой.

Монголд харин нөгөө л улс төрийн хүчнүүд, нөгөө л хэдийгээ нэр дэвшүүлж байна. Тэдний хамгийн содон араншинтай, сонин түүхтэй нь хэн билээ? Америкчууд 25 насаар дүү эхнэртэй хүнийг, Францчуул 25 насаар эгч эхнэртэй хүнийг сонголоо. Өнөө 3-ынхаа хөнжлийн түүхийг бас сөхөж үзэцгээх үү, цөмөөрөө...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин