Ард түмний поп хатагтай, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нөгөөдөр (2017.05.10) төв талбайд улсын ерөнхийлөгчийг огцруулахын төлөө том жагсаал суулт хийхээ өнөөдөр сүржин хэвлэлийн хурлаар зарлалаа.
5 дугаар сарын 1 буюу Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр эхлүүлсэн гарын үсэг цуглуулах аянд 8 өдрийн хугацаанд 5000 иргэн нэгдсэн гэнэ. Юм бүхнийг эсэргүүцэн муйхарладаг хэдэн хөдөлгөөнийхөн, юу ч байсан хоцролгүй дуугарч явдаг өмгөөлөгч Г.Батбаяр нар түүнтэй нэгджээ.

Аливаа асуудлыг шийдэхийн тулд ард олныг уриалан дуугарахыг хэн ч буруутгахгүй. Харин юуны араас ямар аясаар хөөцөлдөж яваагаар нь түүний санаа зорилгыг харж болох мэт. УИХ-аар батлах гэж буй хуулийн буруу заалтыг цуцлуулахын төлөө, иргэдийн нуруунд нэмж үүрүүлсээр буй татварын дарамтыг хасахын төлөө, ирэх сард шатахууны үнэ нэмэхийн эсрэг, бүр адаглаад хаврын хаварт синдром хөдөлгөдөг бэрх асуудлуудын төлөө ингэж тэмцсэн бол дөрвөн мөчөө өргөөд түүнийг дэмжих жирийн иргэн олон байна. Гэтэл ганцхан сарын дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ц.Элбэгдоржийг огцруулна гэж өндөр дуугаар зарлах нь ямар эрх ашгийн төлөө вэ?

Түүнийг "томчуулаар гаршсан эмэгтэй" гэж хочилдог нь оргүй яриа огт биш. Сэтгүүлч байхдаа сэргэлэн сиймхий байж улс төрчдийн араас хөөцөлдсөөр АН-ын дууч шувуухай болж явав. Дараа нь АН-аасаа гарч, Ногоон намд элссэн ч бие даан УИХ-д нэр дэвшиж байв. Сонгуульд бүдэрч унасан уураа иргэний хөдөлгөөнөөр тайлж, түүний оролцоотой "гудамжны улс төр" гэдэг нэр томъёо хүртэл гарч байв.

Гэхдээ тэр аль ч газар тууштай тогтож чадсангүй. АН, МҮАН, МАХН, Иргэний хөдөлгөөний нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Нэгдмэл Монгол эвсэл, Шударга ёс эвсэл гээд түүний холбогдсон нам эвслийг тоолж тогтооход хялбаргүй. Нэг харахад аль нэгэнд нь элсэн нэгдэж, нөгөө харахад уурсан хараах түүний энэ авир үсээ олон янз болгон засахтай нь адил гэнэт гэнэтхэн өрнөнө.

Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн түшээд гэх мэт тухайн цаг үеийн трэнд хүмүүстэй ямар нэг байдлаар нэрээ уях нь түүний өөрийгөө сурталчлах арга, телевизээр байнга гарах зам гэж зарим нь тодотгодог. Түүнийг насанд хүрсэн үеэс хойш Монголын төрд суусан 3 ерөнхийлөгчтэй тэр яаж ийгээд холбогдож чадсан. Шавилхан сэтгүүлч явахдаа хамгаалагчдынх нь сиймхийгээр Н.Багабандиас ганцаараа ярилцлага аван патиараа үлдээсэн бол Н.Энхбаярыг "шинэ цагийн дарангуйлагч" хэмээн зарлан дуудсаар эцэст нь буулган авч, намаас нь квот өвөртлөн УИХ-д нэр дэвшиж, төрийн ордонд тухалж үзсэн. Ц.Элбэгдоржийн 2 бүрэн эрхийн 8 жилийн хугацааны хавар, намар бүрт шахам тэр синдромоо хөдөлгөж, эвлэхдээ эвлэж, эвдрэхдээ эвдэрсээр ирэв. Энэ удаа Ц.Элбэгдоржийг сүүлийн ганц сард нь ч атугай зүгээр суулгахгүй нь бололтой. Бай нь чухам юу юм бол?

Тэр аль нэг байнд харвах бүртээ шан хүртэж, өөрөө хийгээд ойр тойрон, хань нөхрөө албан тушаал ахиулж байв.

Эрх ашгийнхаа төлөө өчигдрийн дайсантайгаа нэгдэж, өнөөдрийн нөхрөөсөө урваж чаддагийг нь шүүмжилсэн нэгэнд тэрбээр "Монгол төрийн төлөө би хэнтэй ч нэгдэнэ" гэдэг уран үгээр амыг нь тагласаар ирсэн юм. Гэвч, хамт наргисан "ангийн анд"-ынхаа эвгүй бичлэгийг түмэнд түгээсэн нь түүний тарыг таниулсан үйл явдал болсон билээ. Хүний ёсгүй үйлдэл гэж эгдүүцсэн олон тухайн үед "Энэ хүүхний iPhone 6S утасны Lock-ийг гаргасан хүнийг хайж байна. Apple компани болон FBI ажилд авна" гэж хошигнож байв.

Мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд нь хүртэл өмгөөлж дуугарахаа больж байгаа энэ үед тэрбээр өөрийн цахим хуудсандаа өдөр бүр бичлэг нийтэлж, өөрийг нь олон хүн тойрон хүрээлж байна гэж мэдээлсээр байна. Хэрэг дээрээ тэнд хэн хэн байна вэ?

https://www.facebook.com/UyangaG75/videos/11873235...



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин