Өнгөрөгч долоо хоногт “Нямбаатар” нэр трэнд болов. Ийм нэртэй түшээ байдгийг ард олон мэдэж авав. Гэхдээ тэр “коммунист жаалхүү” гэгдэж танигдав.

Олонх гишүүний санаачилсан хууль олон сар, заримдаа олон жилийн дараа л УИХ-ын чуулганы босго давдаг бол шинэхэн жаалхүүгийн санаачилсан хууль хэдхэн өдөр, хэдэн цагийн дотор дайран орж ирдэг жишиг тогтов. Сүүлийн жишээ бол 2017.05.10-нд Байнгын хороогоор хэлэлцүүлж, хагас цагийн дараа хар шөнөөр УИХ-ын даргад өргөн барьж, маргааш нь чуулганаар хэлэлцүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчлөх санал нь юм.

Өнгөрсөн 4 жилд гарсан сайшаалтай хуулиудын нэг гэгддэг Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчлөхөөр орж ирэхэд нь хашир парламентчид хүний өөрийнгүй хатуу донгодов.


Хэн хүссэн нь дуртай цагтаа өөрийгөө, бизнесээ хамгаалахаар хууль гаргадаг муу жишигт энэ хууль уг нь хатуу босго болж байв. Нямбаатар тэр босгыг намсгаж, хууль санаачилж батлуулах эрхийг улам хялбаршуулж батлуулав.

Хэний гар хөл болж ингэж явааг нь сонирхох, шүүмжлэх хүн олон байв. Ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том том хуульд гар дүр гэж зандрах нь ч цөөнгүй байв.

Өнгөрсөн намар тэр мөн л ийм маягаар ногоон гэрэл асаалган дайрч, Зөрчлийн тухай хуулийг өөрчилсөн билээ. Тэр өөрчлөлт нь мөн л олон шүүмжлэлтэй тулсан юм.

Төрийн албан хаагчдын 10 сая төгрөг хүртэл зөрчилд хэрэг үүсгэхгүй атал жирийн иргэд 300.000 төгрөгийн хохирол учруулсан бол шоронд хоригдохоор боллоо, МАНгар коммунистуудын үйлдэл хэтэрлээ гэцгээж байв.

Хориглох, шүүмжлэх энэ мэт үгсийг тэр сонссон ч сонсоогүй юм шиг улайран дайрсаар өөрт нь ч, өрөөл нөхдөд нь ч хэрэгтэй хуулиудыг батлуулж чадлаа. Хууль тогтоох дээд эрх мэдэл олонхийн саналаар хэрэгждэг болохоор цөөнхийн санал шүүмж тэгсгээд мартагдах нь жам шүү дээ.

Харамсалтай нь, бүх гарц дээр ногоон гэрэл асаалган хүчээр дайрсан хуулиуд нь ардчиллын амин сүнс болдог хүний эрхийн хамгаалалтыг ухраасаар байна. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр гэгчээр балчир коммунист Х.Нямбаатар хөгшин коммунистуудынхаа 20 жил хийгээгүйг хэдхэн сарын дотор амжуулж явна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин