Өнгөрсөн сонгуулийн ялсан баатар МАН-ын дарга М.Энхболд өөрийн хүрээний бараг бүх хүнээ төрийн эрх барих түвшинд гаргасан бяртай эр. Байгаагаа гаргадаггүй, бусдыг оруулдаггүй “Хашаа” гэгддэг хүрээлэлд нь багтдаг 45 хүн өнөөдөр УИХ-д тухалж байна. УИХ дахь МАН-ын 65 суудлын 70% нь М.Энхболдын тэргүүлдэг “хотын фракц”-д харъяалагддаг гэсэн үг. М.Энхболд одоо тэднийгээ толгойлон УИХ-ыг даргалж байна. Хууль тогтоох засаглал бол Монгол төрийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх эрх мэдэл юм.

Харин Гүйцэтгэх эрх мэдлийг түүний үеэл дүү атгаж байна. М.Энхболдын ойрын төрөл А.Ундраа УИХ-ын гишүүн, үеэл дүү Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болсон нь төрийн өндөр сэнтийд тухалсан гэр бүлийнх нь том төлөөллүүд. Түүнчлэн, төрсөн хүү Э.Анараа Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал болгон төрийн санхүүг сахиулж байгаа бол үеэл дүү Ж.Эрдэнэбат нь өөрийн дүү Ж.Эрдэнэтөгсөөрөө нутаг буурин дахь хамаг хөрөнгөө сахиулахаар Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар томилсон.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнахтай зэрэгцээд АН-ын гишүүн О.Магнай “Монгол Улсыг эрх ашиг нэгтэй хэдхэн гэр бүл удирдаж эхэллээ” гэж мэдэгдэн, эл 100 хоногт ах дүү, амраг садан, гэр бүлийн сүлжээгээр хийсэн томилгооны жагсаалт танилцуулж байв. Түүний бүртгэж тоолсноор М.Энхболдын өөрийнх нь төрөл садан болон францынх нь гишүүдийн хамаатнууд л том албанд очсон ажээ. Тэд төрийн өндөр сэнтий, нийтийн эзэмшлийн том компанийн удирдлагад эрх мэдэл эзлэн тухалцгааж байна.

Төрийн бүх шатны эрх мэдлийг ийнхүү хуваан авч, Монголын хувь заяаг гартаа базсан Миеэгийнхний олигархи гэр бүл одоо Монгол төрийн тэргүүний сэнтий өөд мацаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд хэрвээ сонгогдвол өөрөө төрийн тэргүүн, үеэл дүү нь Засгийн газрын тэргүүн болно. Өнөөдөр тамгыг нь атгаж буй УИХ-ын даргын суудалд үгэнд нь дуулгавартай орох "өөрийн" хүнийг тавих нь мэдээжийн хэрэг.

Төрлийг хэлхсэн төрийн томилгоонууд хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.


М.Энхболдын удирдаж буй "мэргэжлийн" Засгийн газрын хийсэн төрийн томилгоонууд:

    • УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр Барилга, хот байгуулалтын сайд;
    • М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн дэд сайд;
    • М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
    • Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайд;
    • Морин спорт, уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат Нийслэлийн хөдөө аж ахуйн газрын дарга;
    • Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын дарга;
    • Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга;
    • МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер, сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
    • МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер, сэтгүүлч Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай Гадаад харилцааны яамны газрын дарга;
    • УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга;
    • Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга;
    • Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын дарга;
    • УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга;
    • Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн;
    • УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга;
    • С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;
    • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирал;
    • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
    • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга;
    • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд;
    • УИХ-ын гишүүн эгч дүү Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын хүргэн дүү О.Үнэнбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга;
    • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга;
    • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны дарга;
    • УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
    • УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал;
    • БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэлийн хүү Ц.Хангай “Эрдэнэс тавантолгой” компанийн охин компани “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал;
    • Хотын дарга Су.Батболдын хуучин туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга;
    • УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд;
    • Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн газрын дарга;
    • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын дарга;
    • УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компанийн дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга;
Өмнө нь улс төрийн шатаар өгсөгчид “Эгэл ардын хүү” гэдэг имижээ тодотгодог байсан бол ирээдүйд “Удам дамжсан сэхээтэн”, “Үе залгамжилсан түшээ” гэх мэт чимэг тодотгол үнэд орох бололтой.

Улс төрийн угсаа залгамжлагчид:

    • Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль, хүү Б.Хүдэр-Ян;
    • УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин;
    • УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батбилэг;
    • УИХ-ын гишүүн асан Д.Туяагийн хүү О.Содбилэг;
    • Хотын захирагч асан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир;
    • Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал;
    • “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн Г.Тэмүүлэн;
    • Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг;
    • Элчин сайд асан Л.Хангайн хүү Х.Алтай
Улс төр дэх гэр бүлийн залгамжлалд бизнесийнхэн ч сэмхнээр бэлтгэж, гэр бүлийнхнээ намуудын арын албанд хүчин зүтгүүлж байна.

Улс төрд угсаа залгамжлах сонирхолтой бизнесийн гэр бүлүүд:

    • AПУ-гийн Г.Батхүү дүү П.Батчимэг, П.Батсайхан нартайгаа;
    • “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр дүү С.Амарсайхантайгаа
    • “Буян”-гийн Б.Жаргалсайхан дүү Б.Батсайхантайгаа;
    • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дүү Д.Дагвадорж, Д.Сэржбүдээтэйгээ;
    • “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу дүү Ш.Батсамбуу, охин С.Эрдэнэтуултайгаа;
    • МҮХАҮТ-ын С.Дэмбэрэл нагац дүү Т.Ганболдтойгоо;


Жагсаалтууд хэрхэн үргэлжилснийг, үргэлжлэхийг уншигч та бүхэн үлдээгээрэй.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин