Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай" сансрын уудам руу хөөрлөө. Энэ явдал 36 тэртээ 1981 онд монгол хүн анх ниссэнээс хойш монголчуудын сансар өөд хийж буй 2 дахь том алхам юм.

Сансар судлалын төв NASA-гаас “SpaceX” компанийн Falcon-9 пуужинг хөлөглөн Монголын цагаар 2017.06.04-ний өдрийн 05:07 цагт хөөрсөн "Мазаалай" даваа гарагт Олон улсын сансрын станцад хүрнэ. Сар орчмын дараа Олон улсын сансрын станцаас салж, задгай сансар дахь өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

Олон улсын сансрын станцад хангамжийн ачаа хүргэх зорилготой Falcon-9 карго пуужинд манай "Мазаалай"-тай хамт өөр олон "ачаа" яваа ба нийт жин нь 2.7 тонн гэнэ. Эдгээр ачааг сансарт хөөргөсөн Falcon-9 пуужин эх дэлхийдээ эргэж буусан бол түүгээр хөлөглөсөн Dragon хэмээх сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүргэж, дэлхийн тойрог замд оруулах ажээ.

Falcon-9 пуужин хөөрч байгаа нь, АНУ-ын Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансрын төв, 2017.06.04, 05:07 цаг (Монголын цагаар)

ЮНЕСКО болон Японы засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “The Joint Global Multi-Nation Birds Satellite” төслийн хүрээнд 2 жилийн хугацаанд монгол инженерүүд "Мазаалай"-гаа бүтээсэн юм. Анхны хиймэл дагуулаа хөөргөхөд нь сансарт гарцгүй орнуудад тусалдаг, судалгаа шинжилгээний орчин бүрдүүлж өгдөг олон улсын дээрх томоохон дэмжлэгт Монгол Улс Гана, Япон, Бангладеш, Нигер гэсэн 4 орны хамт хамрагдан, өнөөдөр ийнхүү нэг зөөгч пуужингаар хиймэл дагуулаа сансарт илгээлээ.

Falcon-9 пуужин хөөргөх ажиллагааг шууд дамжуулсан дүрс, NASA, SpaceX

Өөрийн хиймэл дагуултай болсноор тухайн улс бие даасан сансрын судалгаа хийх, нутаг дэвсгэрийнхээ илүү нарийвчилсан зураглал гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадамжтай болж чаддаг.
"Мазаалай"-гаа сансрын уудамд үдсэн Монголын төлөөлөгчдийн сэтгэгдэл, NASA


"Мазаалай" Төрийн дууллаа сансраас эгшиглүүлж ч чадна

"Мазаалай" бол бага оврын хиймэл дагуул. Хэмжээ нь ердөө л 10cm x 10cm x 10cm, эзлэхүүн нь 1 л. Олон улсын нэршлээр кубсат ангиллын бага оврын төхөөрөмж. Гэхдээ энэ бяцхан аппарат газрын гадаргаас 400 километр өндрөөр дэлхийг тойрч, 100 м нарийвчлалтай зураг авч, өдөрт 5-6 удаа эх орон руугаа мэдээлэл дамжуулна.

Нисэж буй орчныхоо агаарын нягт, сансрын туяа, цацраг идэвхийн байдлыг тодорхойлж, хиймэл дагуулын сүлжээ үүсгэж, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийж, шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийнэ. "Мазаалай" өндөр болон бага нягтралтай 2 төрлийн камертай. Өндөр нягтралтай камер 5 мегапикселийн нягтралтайгаар 200-300 км-ийн урт өргөнтэй зураг авах чадвартай. Эдгээр дуут болон дүрст мэдээгээ 437 герцийн (MHz) давтамжтай олон улсын сонирхогчдын радио долгионы зурвасаар сансраас илгээнэ. Тэр ч бүү хэл Монгол Улсын Төрийн дууллаа сансраас эгшиглүүлнэ.

Мазаалай - хөөрөхийн өмнөхөн

Монголын говьд л цөөхөн үлдсэн нэн ховор болхи бор баавгайн нэрийг дуурсгасан "Мазаалай" сарын дараачаас дэлхийн зулайгаас Монголынхоо уудам нутгийг тольдож, бидэн рүү зураг, дүрс, мэдээлэл илгээж эхэлнэ.

Ердөө ганц бөмбөгийн хэмжээтэй жижигхэн аппарат зарим үзүүлэлтээрээ хэдэн зуун сая ам.долларын үнэтэй нүсэр том хиймэл дагуулуудаас илүү хурдтай ажиллана гэнэ. Иймээс л "Мазаалай" шиг жижиг оврын хиймэл дагуулууд шинжлэх ухааны асар их ач холбогдолтой гэж үздэг байна.

Олон улсын сансрын станц

60 жилийн өмнө буюу 1957 онд хүн төрөлхтөн анх Спутник хиймэл дагуулыг хөөргөж байжээ. Одоогоор 50 орны 560 хиймэл дагуул сансарт идэвхтэй ажиллаж байна.

Эдгээр нь том, жижиг, микро, нано, куб зэрэг хэмжээтэй, харилцаа холбоо телевизийн, зайнаас тандан судлалын, навигацийн, шинжлэх ухааны, цэргийн гэх мэт үүрэг зориулалттай. Бөмбөгийн хэмжээтэй авсаархан нь ч, хөл бөмбөгийн талбайтай тэнцэх нүсэр том нь ч сансрын уудамд ажиллаж байна. Манай хиймэл дагуул бол шинжлэх ухаан, технологийн туршилт, хэмжилт хийх болон зураг авах даалгавартай.


Төрөөс томилолт өгч илгээсэн "1000 инженер"-ийн бүтээлийн түрүүч сансарт гарлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй "1000 инженер" төслийн хүрээнд Япон улсад суралцаж, туршилт судалгаа хийж буй Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын 3 залуу судлаач Монголын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г гардан бүтээсэн юм. Тэд бол Япон улсын Кюүшү технологийн институтэд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн багш, судлаач нар. Араас нь олон монгол залуу олон улсын тавцанд үнэлэгдэх бүтээлээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

Инженерийн багийн гишүүд. Зүүн гараас: Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Хиймэл дагуул хөөргөөгүй улсууд, мөн их сургуулиудын анхны хиймэл дагуулыг хөөргөх зорилготой BIRDS (Joint Global Multi-Nation Birds) төслийн хүрээнд Монгол, Гана, Нигери, Япон, Бангладеш, Тайландын нийт 15 оюутан Кюүшүгийн технологийн институтийн 4 багш ажилтантай хамтран "Мазаалай" шиг 5 хиймэл дагуул бүтээжээ. Тэднийг нэг хөлгөөр ийнхүү өнөөдөр хөөргөсөн юм.

Хиймэл дагуулын төслийн арын албыг МУИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн менежментийн баг хариуцан ажиллажээ

Засгийн газрын захиалгын дагуу Монголын анхны хиймэл дагуул бүтээх ажилд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар бүх талын дэмжлэг үзүүлж, уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн оюутан, багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ.

Төрийн болон багш эрдэмтдийн төлөөлөл 7 хүн Мазаалайгаа сансарт үджээ

"Мазаалай" бол Монгол Улсын сансар дахь орон зай, тусгаар тогтнолын баталгаа, шинжлэх ухааны хөгжлийн билэг тэмдэг юм. Өртөг өндөртэй ч үр дүн ихтэй сансрын технологид ийнхүү монголчууд хөл тавилаа. Эхний хиймэл дагуулын ажлын үр дүн, туршлагадаа тулгуурлан Монгол Улс 2 дахь хиймэл дагуулаа 2019 онд тойрог замд оруулахаар төлөвлөж байна.

Аливаа улс шинэ технологи эзэмшсэнээр бүх талаар улам хүчирхэгжиж байдаг. Бид "Мазаалай"-гаараа дамжуулан сансраас өндөр нарийвчлалтай мэдээллийг цаг алдалгүй авч чадвал ой хээрийн түймэр, эрэл хайгуул, цас зуд, бороо шуурга, үер ус зэрэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг нь бууруулж чадна. Цөлжилт, ой ургамлын гарц, хөрсний чийгшлээ ч тухай бүрт хянаж, үр тариагаа алдагдалгүй хурааж авч чадна. Бас бид цаашид сансар судлалд мэргэшиж, хүчин чадлаа улам өсгөж, дараа дараагийн том хиймэл дагуулаа хөөргөнө.

МУИС-ийн "Эрдмийн хэт" цуврал нэвтрүүлэг-9: Монголын анхны хиймэл дагуул

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин