ТӨРХӨӨ НУУСАН БООЛЧЛОЛ & ТӨРД ЦӨМӨРСӨН ЭЛЧ

Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлж дотор нь хүчгүйдүүлэн хувааж бүхэл бүтэн үндэстнээр нь хөнөөх бодлогууд хэрэгжүүлж байсан эмгэнэлүүд бишгүй олон.

Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсаддаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа амьдарч байсан 900 гаруй итгэгч нь 1978 онд бүгд амиа егүүтгэж байв.

Тэгвэл эдгээрээс дутахгүй гаж урсгал үүсч, бүр Монголын төрд цөмөртөлөө нутагшсан. “Энхтайван”, “Эв нэгдэл”, “Сайн үйлс” гэх нэрээр халхавч хийж гадны улсуудад нэвтэрч эрх мэдэлтэй болон эрх мэдэлд хүрэх боломжтой хүмүүсийг эртнээс бодлогоор дэмжин санхүүжүүлэн өөрийн болгож, сул дорой ард түмнийх нь тархийг угааж боолчилдог. Энэ бол мүүний шашин. Орон байр, оройн хоол хэрэгтэй оюутнууд, ядарсан иргэд хот хөдөөгүй явж үүр цайхаас үдэш болтол алхаж гар дээрээсээ оймс, үзэг бал мэтийн эд зүйлс зарсаар Монгол улс мүүнийг хамгийн ихээр санхүүжүүлсэн орон болсон.

Мүүн бол шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдмэл гэмт сүлжээ, Зүсээ хувиргасан тероризм юм. Энэ дэлхий дээрх хамгийн гаж урсгал. Мүүний шашинд зориулан хууль гаргаж төрийн бодлогоор хорьж байгаа улс орнууд нэмэгдэж байхад Монголд хүчтэй нэвтэрч, улам нутагшиж байсан.

Мүүнийг Монголд нэвтрэхэд хүчин зүтгэсэн гол хүмүүсийн нэг бол одоогийн Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ц.Цогзолмааг гэж ярих хүмүүс их байдаг. Өнгөрсөн нэг жилийн дотор хоёр ч сайдын гар дамжин зовж буй энэ чухал салбар цаанаа л нэг тэнгэргүй гэлтэй. Мүүний шашныг Монголд нутагшуулсан хүмүүсээс Боловсролын яаманд байж болохгүй хэмээн Б.Насанбаярыг арай гэж холтгосон. Гэтэл бас нэгэн холбогдогч гэх Ц.Цогзолмаа нь бүр сайдын сэнтийд нь заларчихав.

Мүүн шашинтай нэр холбогдсон хүнийг улс төрийн салбарт дэмждэггүй, албан тушаалд томилдоггүй улс орнууд байхад Монгол улс яагаад ингэтэл нь даврааж, эрхлүүлдэг юм бол? Тэд яагаад заавал Боловсролын салбарыг онилдог юм бол?

Мүүн шашны гаж үйлдэлүүдийн нэг. Хуримлаж байгаа хосууд нэгнээ модоор гөвшдөг. Солонгост ч ийм ёс үгүй. Сан Мён Мүүний зохиосон ёслолд хууртаж Монгол ёсоо доромжилж хичнээн гэр бүл ингэж хуримласан бол

ТҮҮХЭНДЭЭ БООЛЫН НИЙГЭМ ҮЗЭЭГҮЙ АРДЫГ ТҮҮХГҮЙ УЛСЫН САН МЁН МҮҮН ӨВГӨН БООЛЧИЛСОН НЬ

Танилцуулга, Бүтээл, Уналт, Дахин сэргэлт, Аврагч, Сүүлчийн өдрүүд, Аавын замнал, Адислал, Гэрчлэл Фандрэйзинг гэх 10 гаруй цуврал лекцээр залуусын тархийг угааж өдөр шөнөгүй бараа заруулж асар их мөнгө босгож боолчилж эхлэв.

Монголд бараа сайн зарж үнэнч зүтгэсэн олон залуус гадаадын улс орнуудруу явж олон жилээр өдөр шөнөгүй бараа зарах ажлаа хийсээр яваа. Өдөрт 18.00 цаг хөлс хүчгүй ажиллах “Мүүний залуу арми” эцэгтээ их хэмжээний хөрөнгө мөнгийг босгож өгдөг тогтолцоотой ба энэ наймаа нь татвар, нийгмийн даатгал, НӨАТ төлөгдөхгүйгээр хийгддэг.

Мүүнийхэнд оюун санаагаараа эзэмдүүлж гэр бүл найз нөхдөөсөө холдсон залуус энэ насны амьдралаа Мүүн эцэгт зориулан ахин төрөхдөө сайн хүн болж төрнө гэж итгэдэг ба үүний баталгаа болгож дахин төрөх зан үйл үйлддэг. Энэ нь нас биед хүрээгүй залуус харанхуй шөнөөр ухсан нүхэнд хэвтэн шороогоор булуулаад гарч ирэх ёслолыг хэлнэ. Ийнхүү олон мянган залуусын оюуныг сэвтүүлж боолчиллоо тунхаглаж байв. Оюун санаа, итгэл үнэмшлээр нь эзэмдэн мунхагруулж боолчлох нь Эртний Грекийн боолчлолоос ч аюултай юм.

Мөн Адислал нэрээр бие биесээ огт хараагүй харь орны хүмүүсийг зургаар нийлүүлэн гэрлүүлдэг. Хосууд бие биеэ өмнө нь хараагүй ч Мүүн эцгийн адилслалаар суух ёстой. Суух хосууд насаараа төлбөрөө Мүүн эцэгт төлдөг ба энэ нь сар бүрийн цалингийн 30 хувь байдаг.Монголоос маш олон эмэгтэйчүүд Солонгос болон бусад орны ахимаг насны эрчүүдтэй дэр нэгтгэж хүчирхийлэлд өртөн эх орондоо буцаж ирсэн гашуун түүхүүд байна.

Мүүний адислалаар гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүнийн халамжинд өсгөх ёстой. Учир нь мүүн бол уг хүүхдийн жинхэнэ эцэг хэмээн итгүүлж оюун санаагаар нь эзэмдэн боолчлолоо улам бүр баталгаажуулдаг аргатай.

“АГУУ ҮНДЭСТЭН” СОНИН СЭТГҮҮЛҮҮД ЯМАР БОДЛОГОТОЙ БАЙВ?

Мүүн Монголыг боолчлох бодлогодоо шунан улс төрийн томчуудыг хөөргөж, Ерөнхийлөгчийг хүртэл сүжрүүлж, улмаар тухайн үеийн хэвлэл мэдээллийн хүчтэй сувгаар хүчтэй нөлөөлөх үүднээс "Агуу үндэстэн" сониноо амжилттайгаар хэвлэж эхлэв. Уг сонин нь тус гаж урсгалын үзэл санааны тулгуур сурталчилгаа болох энх тайван, ариун гэр бүл гэсэн хоёр гол утгыг түгээн дэлгэрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэсэн.

Дэлхийн энх тайвны байгууллагаас сал­барласан олон байгууллага дээрх сониноор дамжуулан үндсэн зорилгоо суртал­члан түгээж, Монголын олон зуун залуусыг мүүн эцгийн үзэл санааны боол болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэр үед Ц.Цогзолмаа нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад “Агуу үндэстэн” сонины эрхлэгч түүний дотны найз байсан бөгөөд тэрхүү найздаа давхар төрийн алба хашуулж дүүргийнхээ гадаад харилцааг удирдуулж байв. Сүхбаатар дүүрэгт гадаад харилцааны алба их л хэрэгтэй байж. Тэр хачирхалтай алба нь ердөө Өмнөд Солонгостой Сүхбаа­тар дүүргийн гадаад харилцааг холбох нэрийн дор мүүний шашны толгой байгууллагуудтай улам бүр нягтарч байсан хачирхалтай баримтууд өмнө нь мэдээлэгдэж байлаа. Харин өдгөө нэг ч мэдээ, нэг ч зураг интернетэд үлдээлгүй устгаж чаджээ.

Нэмж хэлэхэд Ц.Цогзолмаа нарын "Агуу Үндэстэн" гэх нэршлийг бид Монголчуудаа магтан дуулсан нэр гэж андуурдаг байв. Гэтэл тэр нь Солонгосчуудын оюун санааны амин сүнс болсон үг. Монголчуудыг ингэж нэрлээд байгаа юм огт биш байв. Та энэ үгийг хөрвүүлэн гүүглэ сайтаас хайгаад үз. Монголын биш Солонгосын тухай л гарч ирнэ! Өөрөөр хэлбэл тэд Солонгосын үзэл санааг шүтэж Монголд уусгах зорилготой байсан байхыг үгүйсгэхгүй.

Түүгээр ч зогсохгүй бас нэгэн ноцтой асуудал бол Ц.Цогзолмаа нь Мүүний бодлогод анхлан зүтгэгч, өөрийн дотны найз Цэндмаагаар дамжуулан “АГУУ ҮНДЭСТЭН” хэмээх сэтгүүлийг төсвийн мөнгөөр өндрөөр үнэлэн олон мянгаар хэвлүүлж татвар төлөгчдийн мөнгийг завшиж байсан гэдэг яриа ч бас үнэний ортой. Ц.Цогзолмаа нарын тэрхүү “АГУУ ҮНДЭСТЭН” сэтгүүл нь “Эв нэгдэл”, “Энхтайван”, “Эв найрамдал” хэмээх гоё сайхан үгнүүдээр халхавчилсан мөнөөх л мүүн эцгийнх нь далд бодлого байсныг уг гаж урсгалд төөрөгдөж байсан 5.000 хүнээс гэрчлэх хүн олон байдаг.


МҮҮН ЭЦГИЙН МУНДАГ ОХИНЫ СЭТГЭЛ ЯАЧИХСАН ЮМ БЭ?

Ц.Цогзолмаа нь мүүний бодлого Монголыг мэрэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэнч ажилласан хүн мөн бил үү? Тийм бол өнөөдрийн төрийн түшээ Ц.Цогзолмаа сайдын оюун санаанд Мүүний шашинд сүнсээ худалдсан мунхаграл л байж магадгүй. Монгол төрийн хатан ухаан лав түүнээс өчүүхөн ч цухуйдаггүй.

Саажилттай хүүхдүүдийг асран хамгаалдаг улсын тусгай 10-р цэцэрлэг бол хамгийн их асаргаа сувилгаа шаарддаг онцгой анхаарах ёстой нийгмийн чухал обект. Гэтэл олон жилийн өмнө байр байшингаа актлуулаад өнөөдрийг хүртэл өөр цэцэрлэгийн халаас өрөөнд гол зогоож байгаа. Тэр цэцэрлэгт ихэнхдээ эмч сувилагчдийн буруутай үйлдэлээс болж эхээс төрөх явцдаа саажилттай болж бусдын асаргаанд бүх насаараа хэвтэх бие нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун ухаан нь эрүүл өр өвтгөм хувь тавилантай бяцхан хүүхдүүд байдаг. Олон жил боловсролын салбарт ажиллаж, хүүхдийн төлөө зүтгэсэн Энхтайвны эрхэм дагина болох шахсан Ц.Цогзолмаа энэ мэт асуудлыг яагаад тоосонгүй вэ? Тэр ажил хийхээс илүү сэтгүүл сонин хэвлүүлж, хурал цуглаан, чуулган зохиохыг л чухалчилдаг байсан гэдэг.

Ц.Цогзолмаа хүүхдийн байгууллага, нийгмийн бодлогын үйл хэрэгт зүтгэсэн гэх өнгөрсөн он жилүүдэд энэ чухал асуудал байсаар л байсан. Гагцхүү яагаад шийдээгүй нь оньсого мэт

Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын орлогч, ер нь олон жил нийгмийн чиглэлээр ажилласан юм бол хөрш айлынхаа залуучуудад хүчирхийлүүлж, хэрцгийгээр зодуулж нас барсан 13 настай охины төлөө, төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гурван настай жаахан охины төлөө түүний зүрх яагаад цохилохгүй байгаа юм бэ? Яагаад…

Хоёрын хоёр өсвөр насны охид хөтлөлцөөд амиа хорлож байхад яагаад хүүхэд, залуусын сэтгэл зүйн эмгэг, гэмтлийг илааршуулахын төлөө УИХ-д дуу хоолой болж, төрийн бодлогыг хүн рүү, хүүхэд рүү чиглүүлэх сонирхолгүй байна вэ. 8-хан настай бяцхан охин алга болоод өнөөдрийг хүртэл олдохгүй байхад яагаад түүний төлөө ганц ч үг ган хийхгүй, гараа хөдөлгөхгүй чихгүй, хэлгүй мэт байна вэ? Хүүхдийн хулгай, хүний наймаа, хар тамхины хэрэгт хохирогч өсвөр насныхны асуудал хурцаар яригдаж байхад тэдний төлөө яагаад үзгээ ч хөдөлгөхгүй байна вэ? Яагаад...

УИХ-ын эмэгтэй гишүүд бүгд цэвдэг сэтгэлтэй байж магад. Харин хүүхдийн төлөө олон жил ажилласан, “Эв найрамдал”-ын хүчирхэг охин, “Энхтайвныг түгээгч” Ц.Цогзолмаагийн зүрхнээс хүүхдийн төлөө сэтгэл, Монгол төрийн хатан ухаан яагаад цухуйдаггүй юм бэ?



ХУРАЛ ИХЭДВЭЛ АЖИЛ МУУДСАНЫХ, ХУУШУУР ИХЭДВЭЛ МАХ МУУДСАНЫХ

Тэрээр он гарангуут “Үндэсний зөвлөгөөн” гэх бас нэг чамин нэрийн доор улс төр хийхээр бэлтгэж байгаа сурагтай. Цэцэрлэгүүд, ЕБС-иуд, Их дээд сургуулиудын зөвлөгөөн нэрээр тус бүр хоёр өдөр гэхээр нэлээдгүй олон өдөр нүсэр чуулган зохиох юм байх. Зөвхөн нэг чуулганы төсвийг хагас тэрбум байхаар төлөвлөж дээр нь хөдөө орон нутагт үргэлжлүүлэн хийх гэнэ. Магадгүй энэ сайдын суудлыг ашиглаж Монгол төрийн толгойд шунах Мүүнийн далд бодлого хэрэгжсээр байхыг ч үгүйсгэхгүй.

Хэрвээ сайд байх богино хугацаанд өндөр бүтээмжтэй сайн ажиллах сэтгэл түүнд байсан бол их төсөвтэй хурал чуулган зохион байгуулахын оронд өдөр шөнөгүй Монголын боловсролын салбарт шинэчлэл хийхийг зорьж бүтээмжтэй ажиллах байлаа. Салбараа базаж, удирдаж чадахгүйдээ ийнхүү тал засаж, аргадаж, цалин нэмэх шаардлагатай онцгой салбарынхныг аргадах гэж байгаа үнэгэн заль байж ч мэдэх юм. Эсвэл тэр ажил хийхээс илүү сурсан арга барилаараа, арвин туршлагаараа хурал цуглаан, чуулганыг л чухалчилав уу?

Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэдэг мэргэн үг бий.

Иргэн цэнхэр үст Ц.Цэрэндолгор мүүний шашныхныг илчилж шүгэл үлээж явахад айж сандарсан Ц.Цогзолмаа НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар цэнхэр үстийг урьж 17 сая төгрөгний хамтран ажиллах гэрээ хийж өөрийгөө хамгаалсан гэх яриа одоо ч НАМЭХ-ын дунд яригддаг. Үүнтэй ижил аргаар чуулган хэмээн нүсэр ажлаар хайр зарлаж, төрийн мөнгийг үр бүтээлгүй цацахаар бэлтгэж байгаа нь Сан Мён Мүүн эцгийн туйлын зорилгыг хэрэгжүүлэх нэгэн үүрэг байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь “Мөрөө баллавч Мүүн чинь салахгүй” гэх үг түүнд л зориулагдаж гарсан байх.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин