1990-ээд оны дунд үед Вэнэсуэлийн Халтар Царайт олон ангит кино үндэсний телевизээр гарч анх удаа улс даяараа сериалд автаж, өвчилж, уйлж, зүүдэлж, бүр үхэж үзэцгээж байв. Тухайн кинон дээр хүмүүсийг тэгж шаналгаж зовоодог байсан нэг л шалтгаан байсан. Тэр нь бүх асуудлыг учгийг тайлах хэлгүй Королъяа хэлд орж өгдөггүй бүтэн жил Монголчуудын оюун санааг шаналгасан юм. Гэхдээ энд Хорон санаат Хороцъяа Гонзалесийн хэргийг илчлэх Королъяагийн тухай дурдах гээгүй юм. Монголын төрд Королъяа шиг олон зүйлийн учгийг хадгалан хэлгүй дүлий мэт суудаг Д.Ганболдын тухай хөндөж байна. Доромжлоогүй адилтгаж зүйрлэснийг залруулж хэлэх нь зүйтэй.

Бямба, Ням гарагуудад гарах Халтар Царайтыг үзэж чадаагүй хөдөөний хүмүүс кино үзээд ирсэн хүмүүсээ морины шон дээр угтан гүйж очоод: "Королъяа хэлд орсон уу" гэж асуудаг байсан гэх. Ярих гээд байгаа ч юм шиг болих гээд байгаа ч юм шиг хэлгүй Королъяа бүтэн жил тэгж Монголчуудын мэдрэлээр наадсан шиг Чингэлтэй дүүргийн иргэдийн найдлагаар Д.Ганболд парламентийн эхний хоёр жилээ наадсан учир түүнийг сонгогчид нь Королъяа гэх нь аргагүй юм болов уу. Ярих гээд байгаа ч юм шиг, ажил хийх гээд байгаа ч юм шиг явсаар 2 жил боллоо. Сонгууль угтсан сүүлийн хоёр жил хүссэн хүсээгүй ярьж эхлэх биз ээ.


Д.Ганболд нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас эхлээд М.Энхболдын нийслэлийн засаг дарга байх үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албыг хашиж байв. Улмаар Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон түүхтэй. М.Энхболд нь нийслэлийн засаг даргаар ажилласан 7 жилийн хугацаанд газрын наймааг цэцэглүүлсэн гэж утаандаа угаартаж, түгжрэлдээ гацан аврал гуйж байгаа цөхөрсөн хотын иргэд гомдоллодог. Д.Ганболд олон будлианы хамтрагч, хар хайрцаг учир ярихаас хүртэл айж яваа юм гэх яриа үнэний ортой ч байж мэдэх.

Э.Ганхүү нь Д.Ганболдыг Төрийн сангийн даргаар ажиллаж байхад түүний удирдлага дор байсан дотны хүн бөгөөд Д.Ганболд Чингэлтэй дүүргийн засаг дарга болохдоо Э.Ганхүүд албан тушаалаа үлдээсэн нь өдгөөг хүртэл нийслэлийн төрийн санг удирдаж байгаа

Королъя шиг нэг дуугарвал нэлээдгүй ноцтой асуудал ярих хүн. Гэвч тэгэхгүй. Учир нь Д.Ганболд нь М.Энхболдтой хэтэвч түрийвч нэгтэй болсоноор салахын аргагүй, муудалцахын аргагүй түншүүд болсон байж таарна.

Төрийн албыг хаан ширээ мэт өөрийн хүндээ залгамжлан өвлүүлдэг технологийг сайтар хэрэгжүүлж яваа хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганболд. УИХ-ын гишүүн болохдоо Чингэлтэй дүүргийн Засаг даргын албаа төрийн санд хамт ажиллаж байсан өөрийн дотно хүн Ж.Эрдэнэбатдаа өвлүүлэн далдуур дүүргийн төсвийг нь атгаж эрх мэдлийг нь удирддаг хэмээн тус дүүргийн тамгын газрынхан гомдоллодог гэнэ. Мөн Нийслэлийн Төрийн сангийн даргын албаа өөрийнхөө удирдлага дор ажиллаж байсан дотны хүн Э.Ганхүүд үлдээж мөн л далдуур Нийслэлийн төрийн сангийн төсвийг удирддаг гэлцэнэ.

Ж.Эрдэнэбат нь Д.Ганболдыг Нийслэлийн төрийн сангийн даргаар ажиллаж байхад мөн л түүний удирдлага дор нэг баг болж ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн болохдоо дүүргийн засаг даргын албаа өвлүүлэн үлдээж Чингэлтэй дүүргийн төсвийг далдуур удирддаг.

Дүүрэгтээ хийсэн ажил, гавъяа гэх юмгүй ч 2020 оны сонгуулиа бодож нэг л ажлыг нүсэр хийв.

Өөрөө засаг дарга байхдаа дүүргийн 20 жилийн ой гэж их төсөв мөнгө үрж сүржин тэмдэглэдэг байсан бол 2017 онд мөн л дүүргийн 25 жилийн ойг сүр бадруулан тэмдэглэснээс өөр Чингэлтэй дүүрэгт хүнд хэрэгтэй, хүртээмжтэй, өгөөжтэй ажил хийдэггүй хэмээн сонгогчид нь муу үнэлгээ өгдөг юм. Чингэлтэй хайрханыг 5 жил тутамд тийм их зардал мөнгөөр тахиж, бөх барилдуулж, аяга календарь, тэмдэг тарааснаар хөгждөг бол энэ дүүргийн хөгжил цэнгэлийн манлайд хүрэх болсон. Уг нь Д.Ганболд дүүргийн ойгоороо морь уралдуулж бас нэг сүр ажил хийж болох байлаа. Гэвч Чингэлтэй дүүрэгт морь уралдуулах газар байхгүй. Уралдах битгий хэл хөтлөөд явах газаргүй болтол ГАЗАР ЗАРСАН гэгддэг хүмүүс ийнхүү төрд улам бүр шигдсээр...?

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин