Хоёрдугаар сарын 25-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Долби” театрт кино урлагийн салбарын гол шагнал болох “Оскар” гардуулах 91 дэх удаагийн ёслол болсон билээ. Энэ удаагийн “Оскар”-ын шагналын хамгийн гол буюу шилдэг эрэгтэй жүжигчнээр 20 дугаар зууны домогт рок од, алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн дүрийг гайхамшигтай бүтээж, амилуулсан залуу жүжигчин Рами Малек тодорсон юм.

Ингээд өдгөө 37 настай жүжигчний тухай уншигчдадаа танилцуулъя.

Египет гаралтай Рами Малек АНУ-д төрж, өсжээ. Түүний эцэг эх, 1978 онд Каир хотоос Лос-Анжелест цагаачлан ирсэн байна. Рами 1981 оны тавдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд өөрөөс нь дөрвөн минутын дараа төрсөн ихэр дүүтэй. Харин тэдний эгч Ясмин нь Каирт төржээ. Ясмин эмчийн мэргэжил эзэмшсэн бол дүү Сами нь англи хэлний багш болсон байна. Хэдийгээр эцэг эх нь хуульч болгохыг хүсэж байсан боловч Рами хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байв.

Рами Малекийн алдрын оргилд хүрэх зам дардан байсангүй. Холливудын жүжигчин болох, амьдралаа залгуулахын тулд тэрбээр пицца хүргэгч, Холливудын кафед зөөгч гээд янз бүрийн ажил хийжээ. Дунд сургуульд байхдаа жүжигчний дугуйланд явдаг байсан бөгөөд энд хожмоо жүжигчин болсон Кирстен Дансттай танилцаж, дурлаж байв.

Хэдий тэрбээр хувийн амьдралаа нууцалдаг боловч жүжигчин бүсгүйчүүдтэй хэд хэдэн удаа нэр холбогдож байжээ. Харин сүүлд "Bohemian Rhapsody" кинонд хамтран тоглосон Люси Бойнтоныг өөрийн дурлалт бүсгүй гэдгийг албан ёсоор зарласан байна. “Люси Бойнтон, чамд баярлалаа! Чи бол миний хамтрагч, итгэлийг хүлээсэн хүн болсон, чи бол миний хайр юм” гэж тэрбээр Оскарын наадмын тайзнаас түүнд хандаж хэлжээ. Тэд шагнал гардуулах ёслолд хамт хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхсан юм.

Дунд сургуулиа төгссөний дараа Рами Индиана муж улсын Энсвиллийн их сургуулийн дүрслэх урлагийн ангийг бакалаврын зэрэгтэй дүүргэсний дараа жүжигчин болох анхны алхмаа хийжээ. Түүний жүжигчний гараагаа эхлүүлсэн кино бол “Гильморын охид” цуврал юм. Дараа нь өөр цувралуудад ч тогложээ. Харин фараон Акменрагийн дүрд тоглосон “Шөнийн музей” бүрэн хэмжээний уран сайхны кино 2006 онд дэлгэцнээ гарсан билээ. Гурван жилийн дараа дэлгэцнээ гарсан уг киноны хоёрдугаар ангид мөн тоглосон юм. Рами бас Том Хэнксийн найруулсан “Ларри Краун” романтик инээдмийн кинонд оюутан Стив Дибиаси, цус сорогч, хүн хоёрын хайр сэтгэлийн тухай “Харуй бүрий” киноны хоёрдугаар ангид цус сорогч Бенжамины дүрийг бүтээжээ.

Харин 2016 онд “Ноён Робот” цуврал кино түүнд алдар хүндийг авчирсан бөгөөд уг цувралд бүтээсэн хакерчин Элиотын дүрээр тэрбээр телевизийн “Эмми” наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртэж, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн байна.

Мөн ондоо найруулагч Брайан Сингерийн "Bohemian Rhapsody" киноны гол дүрийг бүтээх болсноор түүний жүжигчний карьерт эргэлтийн мөч тохиожээ. Фредди Меркьюри шиг ийм хурц хүний дүрийг дэлгэцнээ амилуулах нь маш хариуцлагатай ажил байв. Рами үүнийг маш сайн ойлгож, багагүй хугацаанд дүрийн судалгаа хийж, биеэ бэлджээ. Меркьюригийн хэрхэн хөдөлж, ярьж байгааг судлахын тулд түүний маш олон дүрс бичлэгийг үзсэн байна. Дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур тоглож сурахын тулд Лондонд очжээ. Фредди маш өвөрмөц маягаар ярьдаг байсан учир үгийн дуудлагын багшаас зөвлөгөө авч байв. Бас гадаад төрх байдлаа өөрчлөхөд багагүй хөдөлмөрлөсөн байна. Фреддигийн алдарт орсгой шүдэнд дасахын тулд Рами бүтэн жил шөнө болгон хиймэл шүд зүүж унтдаг байжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин