Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Varkey Foundation сангийн “Global Teacher Prize” шагнал гардуулах ёслол боллоо.Энэ жилийн шилдэг багшаар дорнод Африкийн Кени улсын математик, физикийн багш Питер Табичи шалгарч, $1 саяын мөнгөн шагнал хүртжээ.


Тэрээр нэр хүндтэй хувийн сургуульд ажиллахаа больж, Кенийн ядуу тосгоны дунд сургуульд шилжиж багшлах болсон хүн юм.Тус сургуулийн сурагчдын 95 хувь нь ядуу амьдралтай, гуравны нэг нь өнчин хүүхдүүд ажээ. Хар тамхины хэрэглээ, өсвөр насныхны жирэмслэлт, сургууль хаялт, амиа хорлолт түгээмэл байдаг энэ сургууль ганцхан компьютертай, муухан интернэт холболттой, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 58 байдаг. Ийм нөхцөл байдлаас Табичи багш сурагчдаа олон тэмцээн уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж байсны дотор 2019 онд АНУ-ын “Intel International Science and Engineering Fair” уралдаанд хүүхдүүд нь шалгарч байжээ. 2017 онд тус сургуулийн 59 төгсөгчөөс 16 нь их сургуульд орж байсан бол 2018 онд 26 нь элссэн байна.

Ийм гавьяа зүтгэлтэй багшийг дэлхийн шилдэг багшаар өргөмжилж, шагналыг нь Холливүүдийн нэрт жүжигчин Хью Жакмэн гардуулсан юм. Боловсролын салбарын Давос гэгддэг Global Education and Skills Forum нэртэй гурван өдрийн чуулганы үеэр шагналыг гардуулсан юм. Уг арга хэмжээнд дэлхийн олон орны боловсролын сайд нар, мэргэжилтнүүд, судлаачид цугларч мэдлэг, туршлага, арга барил, технологио хуваалцдаг ажээ. Шагналыг зохион байгуулагч Varkey Foundation нь дэлхий даяар боловсролын түвшний ялгааг арилгах зорилготой ажилладаг. Тиймээс хүнд орчин нөхцөлд амжилт гаргаж байгаа багш нарыг тодруулан алдаршуулах, урам өгөх зорилготой.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин