Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос 1992 онд санаачлан “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж байжээ. Үүнээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.

Монгол Улсын хувьд эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байна. Өдгөө нийт нялхасын дөнгөж 50 хувь нь эхний 6 сарын турш ангир уургаар дагнан хооллож байгаа аж. Цаашлаад 2 хүртлэх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллодог гэсэн статистик тоо бий.

Ингэж буурах болсон нь нэлээд хэдэн шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад ядуурлын түвшинтэй холбоотой юм. Учир нь амаржсан эх амьдралын баталгаажих түвшингөөс хамааран төрөөд удалгүй ажилдаа эргэн орж, хүүхдээ хөхнөөс гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болдог байна.

Иймээс энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлыг байрыг бий болгох зорилгоор “Энхрий үрс эрүүл торниоход эцэг хүний дэмжлэг чухал” уриан дор эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин