МОНГОЛЫН ХҮНИЙ ИХ ЭМЧ НАРЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЪЯАТ АЖИЛТАН, АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР П.НЯМДАВААГИЙН ХЭЛСЭН ҮГ
Их хурлын эрхэм хүндэт Тэргүүлэгчид ээ,Их хурлын Төлөөлөгч нөхөд өө,
Хүн ардынхаа эрүүл энхийн халаагүй манаанд нүд цавчилгүй зогсож байгаа манай цагаан нөмрөгт баатруудыг төлөөлөн энэ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байгаа Та бүхэнд ахмад үеийн эмч нарынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Юуны өмнө, ахмад эмч нарыг төлөөлөн үг хэлэхийг санал болгосон Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд, хатагтай Сарангэрэл Танд талархаж байгаагаа илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү.
Сарангэрэл сайдын их хурлын үндсэн илтгэлийг сонсож мэдлээ. Энд яригдсан зүйлс, дэвшүүлсэн саналуудыг зарчмын хувьд талархан дэмжиж байгаагаа илэрхийлэе.
Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал, ойрын ирээдүйн төлвийн тухай ярилцах ёстой энэхүү их хурлын индэр дээрээс Та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцах завшаан олдсоныг ашиглан 2-3 асуудлаар саналаа хэлэе.
Үнэнхээр ч, сайдын илтгэлд дурьдсанчилан, Монгол улсад 1990 оноос хойших хугацаанд 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдлийг 50-аар буюу 4.7 дахин бууруулсан нь бидний бахархвал зохих үр дүн мөн. Нярайн эндэгдлийг 15% бууруулахад эдийн засаг 25% өсөх чадавхи бий болгодог гэсэн Дэлхийн банкны тооцоогоор бодвол бид 1990 оноос хойш өнгөрсөн 29 жилд нярайн эндэгдлийг 4.7 дахин бууруулснаар эдийн засгийн чадавхиа 7.8 дахин нэмэгдүүлэх чадавхи бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид жил бүр 4000 орчим нярайг буюу 1990 оноос хойших 29 жилээр тооцвол 116 000 нярайг эндэгдлээс аварч, хүн амын тоогоо энэ хэмжээгээр нэмэх бололцоо гаргажээ. 116 000 гэдэг манай томхон аймгуудын хүн амтай тэнцэх тоо шүү дээ. Эдийн засгийн хэлээр имлэрхийлбэл энэ нь 1990 онд байсан дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг 780% гаруйгаар нэмэгдүүлэх бололцоо олгосон байна гэсэн үг. Үндэсний Статистикийн Газрын саявтархан мэдээлснээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан тооцоогоор 32.2 их наяд төгрөг болсон болохоор манай эрүүл мэндийн алба сүүлийн 30 шахам жилд түүнийг 7.8 дахин өсгөсөнтэй тэнцэх буюу 251 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ үзүүлэлтээрээ улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн ажээ.
Манай ЭМЯ-ны жилийн төсөв энэ жил бараг нэг их наяд болсон гэж манай сайд нар надад хэлсэн. Тэгвэл, эрүүл мэндийн салбарынхан 30 жилд одоогийн ЭМЯ-ыг 250 гаруй жил санхүүжүүлэх хөрөнгө бүтээсэн байна шүү дээ. Сарангэрэл сайд аа, Та энэ тооцоогоо бариад ярьвал эрүүл мэндэд хөрөнгө гуйх биш, нэхэх эрхтэй шүү!!! Энэ бол үр ашиг нь 10-20 жил, түүнээс ч олон жил дамжин гарах маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, бид одоо хүртэл мөнгөн илэрхийллээр нь гаргаж чадаагүй байгаа, 1921-1990 оны 70 жилд тухайн үеийн төр, засаг хүн амынхаа эрүүл мэнд, боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын ачаар бид одоо хэний ч өмнө нүүр улайхгүй боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлттэй хүн ам бүрдүүлсэн шиг ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт болно. Бид ийм тооцоог эмч бүр, эмнэлгийн нэгж бүр, хийсэн эмнэлгийн үйлдэл болгондоо хийж чаддаг болгох хэрэгтэй байна.
Бид шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтын эрин үед амьдарч байна.
2000 оны зааг дээр хүний геномын нүлеотидын бүрэн дарааллыг анх тогтоосноор анагаах ухаан, эрүүл мэндийн үйл айжиллагааг 2000 оноос өмнөх ба хойших гэж хуваан ярих болсон тийм үед бид аж төрж байна. Био-анагаахын энэ хувьсгал “бодгалжсан агаах ухаан” нэр аваад байгаа эмнэлзүйн анагаахын шинэ чиглэлээр дамжин бидний оношлох, эмчлэх, сэргийлэх бүх үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөж эхлээд байна. Хэдүйгээр секвенсер гэдэг нүклеотидын дараалал тогтоох машины овор хэмжээ, үнэ өртөг жил ирэх тутам буурч энгийн хэрэглээ болох тийшээ явж байгаа боловч, ойрын 10 жилдээ л эмч бүр нүклеотидийн дараалал тогтоох шинжилгээ хийдэг байх шаардлага гарахгүй байх. Харин эмч бүр хүний геном, тодорхой генүүдийн дарааллыг стандарт программ ашиглан уншиж, харьцуулж чаддаг байх хэрэгтэй болох нь. Энэ ололтыг, ялангуяа, “ухаалаг” гар утас ашиглан хэрэглэж эхлэх нь бараг өнөө маргаашийн асуудал болж эхлэж байна. Эмч бүрт энэ чиглэлээр нэмэлт хичээл заах шаардлага гарах байх. Гэхдээ он-лайн сургалтаар явах нь амар байх л даа. Бид мэргэжлийн холбоод, ЭМЯ-ны хэмжээнд энэ бэлтгэлийг одооноос базаахгүй бол эмч нар маань 20 дугаар зуундаа үлдэж хоцрох аюул нүүрлэж байна.
Ойрмогхоноос нийгмийн сэхээлэг хэсэг “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” гэж их ярих болж байна. Манай эмч нар энэ “хувьсгал”-ыг бас л “үйлдвэрийнхний асуудал” гээд нэг их тоохгүй байх шиг байна. Гэтэл энэ бол бидний орон гэр, ажлын байр, ашиглаж байгаа багаж төхөөрөмж бүгд “ухаалаг” болж, асуудлыг хиймэл оюун ухаан ашиглан “өөрөө” шийдэх чиглэлтэй болно гэсэн үг. Энэ асуудал, миний мэддэгээр бол лабораторийн анагаах ухаанд 10-20-иод жилийн өмнөөс нэвтрээд эхлэчихсэн, цааш улам л бүр газар авах хандлагатай болсон тул бид ирээдүйн эмч, эмнэлгийн ажилтнаа бэлтгэхээс эхлээд одооноос анхаарч эхлэхгүй бол одоогийн оюутнууд маань төгсч гарсныхаа дараа эмнэлгийн хамгийн энгийн төхөөрөмжийг ч ажиллуулж чадахгүй болчих бий гэж санаа зовох хэрэгтэй болжээ. Үүсээд арваад жил болж байгаа “Робокон” гэдэг олон улсын оюутны тэмцээнд төлөөллөө оруулдаггүй ганц их сургууль манай Анагаахын их сургууль болж байгаад би их санаа зовдог, бас жаахан ичдэг.
Ер нь эрүүл мэндийн үйл ажиллагаа үйлвэрлэлийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгийг бид бас анхааралдаа авах ёстой. Манай эрүүлийг хамгаалах тогтолцооны суурийг тавьсан тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэд үүнд ихээхэн анхаарч, Монгол улс Ази тивдээ анхных болж, бодоо өвчнийг устгахдаа вакцинаа Монголдоо үйлдвэрлэж байсан билээ. Бодоогийн вакциныг үйлдвэрлэн хангаж байсан тэр Бактери шинжилгээний газрын суурин дээр хөгжсөн НЭМҮТ-ийн харъяанд байсан Био-бэлдмэлийн үйлдвэр хаалгаа бариад 10 жил болсныг НЭМҮТ хэдхэн хоногийн өмнө сэргээн ажиллуулсаныг сонсоод би их баярлаж байна. ЭМЯ, НЭМҮТ-ийнхөнд үйлдвэрлэлээ сэргээн босгосонд нь баяр хүргэж, цаашдын их амжилт хүсэе.
Миний тун өнгөцхөн хөндсөн гурван асуудал бол ганцхүү миний санал биш, миний үеийнхний саналын нэг хэсэг, миний бие харъяалагддаг Монголын анагаах ухааны академийн зарим гишүүдийн санал бодлын нэг хэсэг юм шүү гэдгийг энэ далимд хэлэе.
Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.