Манайхан өөрсдөдөө буруу өгөх дургүй улс. Аливаа зүйлийн алдаа, эндэгдлийг аль болох бусдад тохон, өрөөлийг буруутгах үзэгдэл цөөнгүй анзаарагддаг. Яг энэ зангаараа шахмал түлшийг буруутгасаар өдий хүрлээ. Ер нь бол тамын тогооны үлгэр лугаа.

Үе үеийн засгийн газар утааны эсрэг дорвитой шийдэлд хүрч чадалгүй өдий хүрсэн. Элдэв төрлийн зуух, шүүлтүүр үнэгүй тарааж, туршсан ч тусыг олоогүй нь үнэн. Тэр үед "Боож үхлээ, төр утааны эсрэг юу ч хийхгүй байна” хэмээн дуу нэгтэй жагсаж байсан.

Олон жил дуншсаны эцэст шахмал түлш хэмээх шинэ, үр дүнтэй, бас ч үгүй олон улс хэрэгжүүлж утаанаасаа салсан арвин туршлагатай гарцыг өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Ингэхдээ иргэдэд урьдчилсан зааварчилгаа удаа дараа өгөн ажиллаж ирсэн байдаг.

"Хар масс”

Сайжруулсан түлш худалдаанд гараад эхэлмэгц цөөнгүй хэдэн хүн угаартаж харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний бурууг хар масс хийж бүтээж буй залуусаас, утаанаас салахыг хичээн ажиллаж буй засгийн газраас хайж, өдөр шөнөгүй дайрч давшлав. Буцаад түүхий нүүрсээ түлэхийг ч уриалаад амжив. 280000 яндан хорт утаа үйлдвэрлэж байна хэмээн иргэдийн санаа бодлыг эсрэгцүүлэв.

Хоёргүй сэтгэлээр залуус зүтгэнэ...

Өнөөдөр "Таван толгой түлш” ХХК-ий үйлдвэрт 500 гаруй залуус Нийслэлээ утаанаас салгахаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Эдгээр залуусын тоо цаашид ч өснө. Үйлдвэр ч удахгүй 100 хувийн хүчин чадлаар ажиллаж эхлэх сурагтай. Тэнд шижигнэсэн эрч хүчтэй, сэтгэл зүрхтэй залуучууд хоёр ээлжээр танигдахын аргагүй болтлоо халтайн түүхий нүүрсэн дунд ажиллаж байгаа. Тэдэнд нийтээр нь хоморголон хордуулж, устгая гэсэн өчүүхэн ч сэтгэл үгүй. Тэдний хөдөлмөр, зүтгэлийг бүү мохоо.

Бид урагшлах ёстой болохоос ухарч болохгүй гэдгийг засгийн газраас удаа дараа мэдэгдэж байгааг сана.

Эцэст нь бодит байдлыг тунгаая

Бид утаанаас салах хоёргүй сэтгэлээр дор бүрнээ хичээх нь чухал болохоос хэн нэгэнд бурууг үүрүүлснээр утаа хийсээд алга болохгүй нь үнэн.

Тиймээс иргэд, айл өрхүүд дор бүрнээ зуух, пийшингээ анхаарч, засаж янзлах зүйл байгаа бол хойш тавилгүй няхуур хандах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя. Шулуухан хэлэхэд олон жил ашигласан зуух яндангаа ядаж нэг удаа бүрэн хөөлөөд, ханан пийшингээ эргэн тойронд нь сайн анзаарч шалгаад элдэв нүх сүв байвал бөглөчих хэрэгтэй. Мөн өөр өөрсдийн амьдарч буй гэр байшингаа дулаан алдалтыг нь багасгаад, зааврын дагуу зөв галлагаа хийгээд сурчихвал хаа хаанаа хариуцлага алдахгүй.

Өнгөрсөн жилийн амьсгалах аргагүй утаа, тортог энэ жил эрс багассан гэдгийг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонсож байгаа нь лавтай. Тиймээс ганц удаа ч болов бурууг бусдаас хайдаг зангаа татаж хамтдаа хичээе!!!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин