Өнөөдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан болно. Энэ хуралдаанаар хэлэлцэх найман асуудлын тав дахьд нь “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцэх юм. Яг үүгээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нарын найман жилийн турш маш өндөр хэмжээнд хамтран зохион байгуулсан ээлжит хууль бус алтны луйврын ажиллагаа явагдах гэж байгаа тухай ноцтой мэдээлэл ирлээ. Тэд "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд хуучин алтны уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон, сүйдсэн газруудыг бичил уурхай эрхлэгчдэд гэрээгээр дахин ашиглах эрх олгох замаар тухайн газарт нөхөн сэргээлт хийх, зохицуулалт бүхий журмыг ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран найман жилийн турш алт ухаж, ингэхдээ эхлээд эрх мэдэл, хуулийн байгууллагын хамгаалалтаа ашиглан нөөц бүхий эрүүл газруудад техник оруулан ухаж, сэндийчлэн бэлтгэж,ихэвчлэн олборлож байгаад дараа нь тухайн газраа нөхөн сэргээх шаардлагатай газар нутгийн жагсаалтад оруулж, ИТХ дахь өөрийн бүлэглэлээр тогтоол батлуулан "Бичил уурхайн" зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, түүндээ өөрсдийн мэргэшсэн багуудаа шалгаруулж, тэдэнтэй гэрээ байгуулан албажуулах өндөр зэрэглэлийн луйвар хийх ажилдаа гаршаад байгаа улс гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Ингэхдээ дээгүүрх хууль эрх зүйн гаргалгаа, лоббиг нь Дарханы дархан эрхт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийж, доогуурх бичиг цаасны ажлыг С.Насанбат дээрх аргаар зохион байгуулж, гардан гүйцэтгэлийг Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа болон Хонгор сумын Засаг дарга нар буруу гарын голдуу залуусаар хамгаалалт, үйл ажиллагааг гүйцэтгүүлсээр ирсэн талаар нутгийн иргэд ярьсаар, эсэргүүцсээр ирсэн ажээ.

ТЭДНИЙ ДАРААЧИЙН АЛХАМ "ЦЭХЭР ЦӨӨРӨМ"

Найман жил өөрийн багийг бий болгосон эрх мэдэлтнүүд “Амташсан хэрээ 13 дахина” гэгчийн үлгэрээр өнөөдөр дахин “Цэхэр цөөрөм”-д албан ёсоор алт олборлох эрх авахаар ээлжит “давшилтаа” хийхээр төлөвлөжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Шарын голд олон тооны техник хэрэгсэлтэй хууль бус алт олборлогчид орж байгаль сүйтгэж байгаа талаар нэгэн иргэн цахим орчинд мэдээлэл тавьснаар олон нийт шуугиж, шаардаж байж Цагдаа, МХГ, аймаг сумын удирдлагууд очиж үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжилж хуулийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл дээрх байгууллага, хүмүүст ямар шийтгэл оноож, төлбөр торгууль, хохирол төлүүлсэн эсэх, хураасан машин техникийг нь хэрхсэн талаар тодорхойгүй байсаар мартагдсан нь үнэн. Нутгийн иргэдийн дундах яриа болоод зарим эх сурвалжийн мэдээлснээр бол Шарын гол сумын төвд алт ухаж, хэл ам болоод байсан тус сумын засаг дарга Д.Амарсанаагийн хүргэн А болон түүний ард аймгийн томоохон албан тушаалтнууд байдаг ба өнөөөдрийн ИТХ-аар батлуулах гэж улайрч буй Цэхэр цөөрөм гэдэг газарт албан ёсоор алт олборлох эрхийг авахаар яам, газраар бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдөж яваа тухай баттай мэдээлэл ч байдаг. УИХ-ын гишүүн Н.Хаянхярваагийн “халаасны” хүн гэгддэг С.Насанбат нь Дарханчуудын хэлдгээр бол Дархан-Вант улсын уул уурхай газар нутгийн эзэн суусан нэгэн юм. Түүний хөрөнгө мөнгө бүх аймгуудын Засаг дарга нарын хөрөнгө болон зарим нэг УИХ-ын гишүүнийхээс ч хол илүү давж гарна хэмээн эх сурвалж мэдээлсэн.

ШАРЫН ГОЛЫНХОН УУЛ УУРХАЙН ХҮНД ХОРТОЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА

Үнэндээ Шарын голынхон ухсан нүх, овоолсон шороон дунд уул уулхайн хортой, хүнд нөхцөлд ёстой л нөгөө “баялгийн хараал” туссан орчинд амьдарч байна. Шарын гол сумын бараг төвд нь шахуу албан ёсны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гурван ААН уул уурхайн ашиглалтын лиценз эзэмшиж, алт олборлож байна. Гэтэл энэ гурван ААН ашигласан газраа хуулийн дагуу нөхөн сэргээж байгаа гэх тайлбарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын голын Засаг Дарга Д.Амарсанаа нар өгсөн ч, нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлгүй, ухсан нүх, овоолсон шороо байна гэдгийг “SBN” телевизийн сэтгүүлч газар дээрээс нь мэдээлчихлээ. Үүн дээр нэмээд иргэдийн нөхөрлөл нэртэй гурван бичил уурхайчид хуучин ашиглаж байгаад орхигдуулсан алтны шороон ордтой газруудыг бүлэг нөхөрлөлийн хүрээнд олборлодог байна. Үүнийг мөн л “Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтээ хуулийн дагуу бүрэн хийсэн” гэх тайлбарын орон нутгийн удирдлагууд өгсөн байх юм. Ухсан нүх, овоолсон шороон дээр нь сэтгүүлч зогчихоод бодит байдлыг харуулаад байхад нүүрээ ширлүүлчихсэн мэт тэд яаж ингэж худлаа ярьж чаддаг байна вэ.

С.НАСАНБАТ: МОНГОЛД БАЙГАА ЦОРЫН ГАНЦ ЗАГВАР БИЧИЛ УУРХАЙ ЭНИЙГ ГЭЖ ХЭЛНЭ

“Мөнгө цагаан, нүд улаан” болсон цагт хүн юу ч гэж худлаа хэлж чаддагийн тод жишээ бол энэ. Дархан-Уул аймгийн Засаг Дарга С.Насанбат “Хариуцлагатай уул уурхай төслийн хүрээнд зургаан жил ажилласан, үйл ажиллагаа нь тогтворжчихсон, Монгол Улсад бичил уурхай үүсэн хөгжиж, бүрэн хариуцлагатай ажиллаж байгаа цорын ганц загварыг үүнийг гэж би хэлнэ. Монголд ганц байгаа бичил уурхай Шарын голд ажиллаж байна гэж хэлнэ. 1000 гаруй хүнийг ажлын байраар хангасан, аймаг орон нутагтайгаа гэрээ хэлэлцээрээ хийгээд, цэг байршлаа тогтоолгоод хүмүүсээ эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаад, тэдний нийгмийн даатгалыг төлөөд, орлого татвараа төлөөд явж байна. Энд хууль дүрэм зөрчөөд хулгай зэлгий хийсэн юм алга” гэж хээвнэг хэлээд сууж байх юм.

Д.АМАРСАНАА: ТООСЖИЛТ, АЙЛ ӨРХ, МАЛ АМЬТАНД НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ ТОГТООГДСОН

Шарын голд уул уурхай эрхэлж байгаа ААН болоод бичил уурхайнханд нөхөн сэргээлтийг дээд хэмжээнд, сайн хий гэдэг шаардлага тавьж байгаа. Бичид уурхайн хувььд түрүү жилээс л эхэлсэн ш дээ. Бид Австралийн эрдэмтдийн багтай хамтран уул уурхайн нөлөөлөл тухайн орчинд амьдарч байгаа иргэдэд хэрхэн нөлөөлж байна гэсэн судалгаа хийж үзсэн. Тэгэхэд тоосжилт, уул уурхайн том том техникийн дуу чимээ тухайн орчинд амьдарч байгаа өрх айл, мал сүрэгт нөлөөлж байна гэсэн дүгнэлт гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх юм. Гэтэл Монголд байгаа загвар бичил уурхай тэнд ажиллаж байна гээд байгааг юу гэж ойлгох болж байна вэ.

Н.ГАНБОЛД: СОЛБИЛЦЛОО ХЭТРҮҮЛЭЭД УХЧИХДАГ ТОХИОЛДОЛ ГАРДАГ

Энэ бол Дархан-Уул аймгийн Засаг Даргын орлогчийн хэлсэн үг шүү. Тэрбээр “Бид нөхөн сэргээлтийг заавар журмын дагуу л хий гэж шаардаж байгаа. Ер нь нөхөрлөлүүдээр гэрээ хийгээд явж байхад эрүүл газар хөндөх магадлал нэлээд байдаг юм билээ. Солбилцлоо хэтрүүлээд ухчихдаг тохиолдол гарч байсан” гэж хэлсэн. Ашиглах ёстой газраасаа хэтрүүлээд ухаж орхих нь тэгээд хариуцлагатай уул уурхай юу гэж С.Насанбат даргаас асуумаар байна. Зуны гурван сар бүтэн ажиллаж, газар шороогоо сэндийлж ухчихаад ердөө 350 грамм алт тушааж байгаа нь хариуцлагатай уул уурхай юу. Гэтэл энэ бүх асуудлаа шийдээгүй байж дахиад есөн газарт нэмж бичил уурхай явуулах хүсэлтийг ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ гээд сууж байх чинь нөгөө кинон дээр гардаг шиг “ариун явдал уу” гэж асуумаар байна.

Н.ХАЯНХЯРВАА, С.НАСАНБАТ НАРЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

Баримт 1. УИХ-ын гишүүн Н.Хаянхярваа, Засаг дарга С.Насанбат нар нь Шарын голын “Шар Хөтөл” гэдэг газар сүүлийн зургаан жил бичил уурхайн нэрийн дор хууль бусаар 1000 орчим нинжа нарт гар аргаар алт олборлуулах боломж олгож сүүлийн хоёр сонгуулийн саналаа тэдгээр нинжа нараараа дамжуулан худалдаж авсан. Энэ бол Дарханчуудын жинхэнэ сонголт биш.

Баримт 2. Яг одоо Дархан-уул аймгийн Хонгор сумын “Хүйтний Гол”-ын Цэхэрийн амны нэрийг өөрчилж “Цэгээн Ам” хэмээн нэрийдэж ард иргэдийг төөрөгдөлд оруулан шинээр тендэрт оруулан бичил уурхай нэрийдлээр хууль бусаар ашиглах гэж байна.

Баримт 3. УИХ-ын гишүүн Н.Хаянхярваагийн хамаарал бүхий этгээд Баярмөнх нь /Хонгор сумын ИТХ-д төлөөлөгч байсан/ “Адуу Хашаат” ойн нөхөрлөл нэрийн дор Бага Ноён уулын дээд хэсэгт энэ хавраас эхлэн өнөөдрийг хүртэл хууль бусаар алт олборлож байна.
МХГ, Цагдаагийн байгууллага хааж, лацдаж хориглосон ч гурван жил өвөл зунгүй олны нүднээс ил далд ухсаар байна.

Энэ мэтчилэн нутаг орныг нь эзэнгүйчлэн баялгийг нь өдөр шөнөгүй зөөж, байгалийг нь хөрсөөр нь эргүүлэн сүйтгэж байхад Дарханы Төр, засгийн удирдлагууд сохор мэт суусаар байгаа нь тэднийг нэг уяанд холбогдсон гэх мэдээлэл үнэн байх магадлалтайг харуулж байна! Иргэдийг нь уут гурил, ууттай чихэрхнээр хуурчихаад байгалийг нь сүйтгэж, баялгийг нь цөлмөж, хотын газрыг нь зараад зогсохгүй ганц бүтэн үлдсэн хүүхдийн паркийг нь таллан зарах нь хэвийн үзэгдэл үү!

УИХ-ын гишүүн Н.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нарын аалзны тор мэт үргэлжлэх хууль бус дээрх үйл ажиллагаанууд хэзээ төгсөхийг Дарханчууд удаан хүлээж тэвчихээргүй болж байна. Гэтэл өнөөдөр яг дээрх аргаараа аль эртнээс хууль бусаар ухаад, ашиглаад ирсэн байршлуудаа жагсаан иргэдийн хурлын олон асуудлууд дундуур шургуулан батлуулахаар зэхчихээд сууж байна. Одоогоор дээрх хуралд оролцож дэмжсэн төлөөлөгч бүрт 2020 оны сонгуулийн зардалд нь зориулж тус бүр 30 сая төгрөг амлах замаар тохирсон тухай дам яриа чихнээс чих дамжин “нисч” явна.

Энэ бүх хууль бус луйврыг хэдий болтол тэвчих ёстой вэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.126.88.147]   Random
xayan dandaaa ingedeg umaa baliar xognuud. Darxanaas zailaasai xayangiin buleglel
Зочин