Нүүдэлчдийн гэрт өссөн хүүхдүүд хэлд орж, ухаан суусан цагаасаа л саахалт айлын малыг бэлчээртээ оруулахгүй, айлынхаа хоньтой хонио нийлүүлэхгүй гэх нүүдэлчдийн бие дааж амьдардаг ухаанд суралцаж өсдөг. Дорнын нүүдэлчин Монголчууд бол хувийн эрх ашгийн төлөө тэмцэж ирсэн амьдралын хэв маягтай. Энэ сэтгэлгээ өвөөгөөс аавд, ааваас хүүд дамжин өвлөгддөг тул нийтийн эрх ашгийг эрхэмлэдэг болтол хэдэн үеэрээ хотод амьдрах урт хугацаа хэрэгтэй.

Суурь сэтгэлгээ нь ингэж бэлтгэгдсэн л бол хотжих асар төвөгтэй гэдгийг Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн дэд бүтцийн хөгжлийн наад захын жишээ харуулна. Ингэж л бид тэсч үлдэхийн төлөөх өрсөлдөөний онцлогтой хотоо уур уцаараар дүүргэн үргэлжлүүлдэг билээ.

“Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явахгүй” гэж үг байдаг. Хотод ирж хэдий сайхан хувцас өмсөж тансаг сайхан амьдарлаа ч хувиа хичээсэн суурь сэтгэлгээ нь далд ухамсартаа нийгэмшихийн эсрэг вирус шиг тэмцсээр байх болно. Ийм хотжоогүй хүмүүсийн дунд будда багш бууж ирээд хотын дарга болсон ч зүхүүлнэ. Бидний ой санамжинд суурь үзэл бодол, мөнхийн бахархал гэж байхгүй. Сөрөг вируст өртөх маш амархан. Өнөөдөр тэнгэрт тултал магтацгааж байгаа нэгнээ маргааш газрын гаваар ортол дэвсэлнэ. Тэгээд ч хотжоогүй нийгэм бүхий л цаг үедээ ямар ч хотын даргадаа дуртай байгаагүй. Энэ бол Д.Сумъяабазарт дургүй байгаа нэг шалтгаан.

НИЙГМИЙН ОЮУН САНААНД ДАРХЛАА СУУХ ХҮРТЭЛ ТЭСЧ ҮЛДЭХ БӨХЧҮҮД НЬ УЛС ТӨРД ОРЖ ИРНЭ

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын Хувьсгалын 85 жилийн ойн үндэсний их баяр наадмаар түрүүлж үзүүрлэсэн хоёр бөх адилхан арслан цолтой болох нөхцлийг хангахад 10 даван түрүүлсэн хайртай бөхдөө аварга цол олгохыг цэнгэлдэх даяар уухайлан дэмжиж байв. 15 жилийн тэртээ Д.Сумъяабазар ийнхүү үндэсний бөхийн аварга болж Монгол түмнийхээ магнайг дахин нэг тэнийлгэж байсан түүхтэй.

Гэтэл тэр хулгай дээрэм, хүчин хийж, авааль эхнэрээ сольж ард түмэнд үзэн ядагдах үйлдэл хийгээгүй байтал нэг л мэдэхэд элдэв янзаар гутаан доромжлуулсаар, эцэстээ доог тохууны бай болчихов. Нэгэнт л “НЭР ТӨРИЙН МАХНЫ МАШИН” улс төрд орсон л бол энэ төрлийн эр шүүлтийн цаана гарахаас өөр аргагүй. Буцах зам үгүй.

Үндэсний бөх бол үндэсний өв соёл. Аварга цол бол ард түмний байгуулсан төрөөс түүнд өгсөн хайр, хүндлэл. Уг нь бөхөө дээдэлж ирсэн манай улсад бөхөөс улс төрч болсон хүнээ гайхаж цочиж хараад байх үзэгдэл биш. Д.Сумъяабазар нь бөхийн спортоос зодог тайлсан цагаасаа тасралтгүй уншиж, суралцаж, өөрийгөө бэлтгэсээр ирсэн гэдэг. Тийм болоод л улс төрд орсон бөхчүүд дундаас энэ хотын даргын тархины булчин илүү нь харагддаг.

Гэхдээ л бид бөх хүн улс төрд орвол зүхсээр байх болно. Угаас парламентийн хөгжлөөрөө үлгэр жишээ болсон Их Британи, Япон, Тайланд зэрэг улс орнууд ч нийгмийн оюун санааны шилжилтийн цаг үедээ үндэсний спортоос төрсөн улс төрчөө битгий хэл эзэн хааны уламжлалаа ч ингэж зүхдэг байсан юм билээ. Тиймээс нийгмийн оюун санаанд дархлаа суухад зайлшгүй хугацаа хэрэгтэй. Тэр болтол тэсч чадах бөхчүүд нь улс төрд орж ир. Чадахгүй бол тархиа биш булчингаа хөгжүүлсээр дуус.

НОЙР ХООЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТҮҮНИЙГ БИД БУЙДАН ДЭЭРЭЭ ШҮҮМЖИЛЖ ХЭВТЭНЭ

Эрх мэдэлтэн бүхэн УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх хуулийн хамгаалалтанд орохын төлөө тэмцэлдэж байхад эсрэгээрээ Д.Сумъяабазар өөрийн удирдаж буй нийслэлийн намын хорооны залуу армийнхаа хүсэлтээр гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж хотын дарга болсон анхны хүн. Энэ үйл явдалтай зэрэгцээд дэлхий нийтийг сөхрүүлж байгаа цар тахал нийслэлд тархсан. Шинэ хотын дарга ажилтайгаа танилцах, шинэ бодлого шийдвэрүүд хэрэгжүүлэх, төлөвлөхтэй зэрэгцээд нийслэлийн хэмжээнд цар тахалтай тэмцэх төлөвлөгдөөгүй их үүрэг хариуцлага түүн дээр овоорсон. Их үүрэгтэй гээд илүү цаг хугацаа ноогдохгүй учраас нойр хоолоо хугаслан өдөр шөнөгүй илүү цагаар ажиллахаас өөр сонголтгүй. Энэ байдлаа үнэнээр нь учирласний төлөө тэр нийгмийн доог тохуу болсоор байгаа. Ядахад нийтээрээ үнэнд бус хэлбэрт дуртай болсоны гай хотын даргыг шүүр шанага болтол шүршсээр. Энэ бүхнийг өдөөдөг арми бол сэтгүүлчдийн арми юм. Түүнд сэтгүүлчид дургүй.

Ер нь сэтгүүлч хүн бөхөд дургүй, дуучинд ч дургүй. Бүр сэтгүүлчиддээ ч дургүй. Харин өөртэй нь эрх ашиг ярьж, эдийн засгаар дэмжсэн л бол чөтгөр байсан ч дуртай.

Хуулиас дээгүүр алхаж “СЭТГҮҮЛЧ” гэх мэргэжлээрээ түрээ барин засгийн газар болгоныг, засаг дарга бүрийг шантаажилж хаалтын гэрээ хийж амьдарч байгаа хүн сүргүүд бий болсон. Тэдний энэ өчүүхэн үйлдэл нь иргэдийн далд ухамсарт өдөр бүр үзэн ядалтын дасгал сургуулилт болдог. Сэтгүүлчдийн ингэж ажиллах системийг бий болгож хөгжүүлсэн хүмүүс бол өнөөдөр шүүхийн өмнө ээлжээ хүлээн зогсож буй улс төрчид билээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин