Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗ) өргөтгөсөн хуралдаан нэгдүгээр сарын 10-нд болж шийдвэр гаргах түвшний бүх төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон билээ.

Хурлаас агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих, 2017 оны гуравдугаар сарын 31-ний дотор УИХ-р батлуул гэсэн зөвлөмж гаргасан.

Энэхүү зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гарын үсэг зуржээ.

Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн гарын үсгээ зурсан энэхүү зөвлөмж асуудал шийдэгдэх хугацаанаас дариу 24 хоногоор хэтрэв.

Төрийн гурван өндөрлөг нь хүртэл гарын үсэг зурчихаад байхад ажил нь урагшилдаггүй юм байж.

ҮАБЗ-ийг даргалдаг Монгол Улсын Ерөнхийлөгч нь чухам энэ үед юу бодож суудаг юм бол. Тухайн үед сэтгүүлчдийг дуудаж загнаж сэтгэлээ нэг тайвшруулаад энэ сэдвээ мартав уу?

Энэ хөтөлбөрийг боловсруулах ёстой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь өвөл хэдэн айлаар орж шоудахаас өөр юу хийв?

Хөтөлбөрийг энэ сарын 31-ний дотор батлуулах ёстой УИХ-ын дарга М.Энхболд энэ хөтөлбөрөө эрж сураглаа болов уу?

Ерөөс Монголчууд бид утааны улиралдаа утаагаа ярьж, ярьж зун болохоор мартдаг гэдэг үлгэрээ энэ өвөлжингөө бие биедээ сануулсан ч өнөөх чөтгөрийн тойрог руугаа дахин орох гээд л байна.

Гэхдээ өнгөрсөн өвлөөс үлдсэн нэг сайн мэдээ нь өвлийн хүйтэн цагт хийсэн тэмцлийг жилийн бүхий л улиралд эргэн сануулж байх утааны эсрэг ээж, аавуудын холбоо өдгөө төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа тогтворжуулаад авжээ.

Энэ талаар утааны эсрэг хамгийн идэвхтэй тэмцэж хоёр ч жагсаалыг зохион байгуулсан Утааны Эсрэг Ээж, Аавуудын холбоо жагсаалын зохион байгуулагч Ц.Пүрэвхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

- Засгийн газраас өнөөдрийг хүртэл ҮАБЗ-с өгсөн зөвлөмжийн дагуу хөтөлбөрөө УИХ-д өргөн бариагүй байна. Энэ талаар ямар мэдээлэл байгаа вэ?

- Дагаж мөрдөхийг зөвшөөрсөн бөгөөд бодож судалсны үндсэн дээр төрийн гурван өндөрлөг маань ҮАБЗ-ийн зөвлөмж дээр гарын үсэг зурсан болов уу. Энэ зөвлөмжийн дагуу Үндэсний хөтөлбөрөө Ерөнхий сайд боловсруулаад УИХ-д өргөн барих хугацаа нь хэтрээд 24 хоног болчихоод байхад өнөөг хэр нь боловсруулж дуусаагүй байна.

Шуурхай, түргэн ажиллах шаардлагатай болоод л ГАМШИГ гэж нэрлэдэг болов уу.

Тиймээс утааг арилгах Үндэсний хөтөлбөрөө яаралтай боловсруулж, хамгийн гол нь батлахаасаа өмнө олон нийтэд гол агуулгыг нь мэдээлэхийг шаардаж байна.

Учир нь одоогийн бидэнд ирсэн мэдээллээр дахиад л сайжруулсан түлшээ түлхэх магадлал өндөр байна. Өнгөрсөн 15 жилд сайжруулсан түлш, сайжруулсан зууханд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл "сайжруулсан түлш" гэдэг нэрээ стандартыг нь өөрчилмөөр аядаад "боловсруулсан түлш" гэж нэрлээд л дахин түлхэх гээд байна. Тиймээс Үндэсний хөтөлбөрийг боловсруулж УИХ-р хэлэлцэхээс өмнө олон нийтэд боловсруулсан түлшиндээ хэдэн төгрөг зарцуулах гээд байгаа болон төслөө бүрэн эхээр нь мэдээлэхийг бид шаардаж байна.

Үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа ажлын хэсгийнхний хуралд Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын төлөөллүүд нэг удаа суусан бөгөөд энэ үеэр хуралдаа ирээгүй болон хоцорч ирсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүмжилж олон нийтэд мэдээллэсэн.

Үүнээс болсон уу үндэсний хөтөлбөрийн төслөө дахин бидэн рүү илгээхээ больсон.

Үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа ажлын хэсгийн ажилтнуудаас бид шинэчилсэн төслөө явуулахыг хүсэхэд манай даргатай уулз, дарга зөвшөөрвөл ав гэж хэлсэн. Ээж, аавуудын мэдээлэл авах замыг ингэж төвөгтэй болгож байгаа нь дараах хоёр хардлагыг төрүүлж байна.

Нэгдүгээрт, утааг арилгах ажлыг бизнесийн шахаа болгон ашиглах гэж байна. Хоёрдугаарт, ээж, аавуудыг үл тоомсорлож, иргэдээ элэг барьж байна. Түүнчлэн Засгийн газар болон Хотын захиргаа зэрэгт утааг арилгах зорилготой 10 орчим ажлын хэсэг байгаа бөгөөд бүгд тус бүрнээ төслөө боловсруулаад явж байгаа. Энэ төслөө байнга олон нийтэд нээлттэй интернэтэд тавимаар байна. Бизнесийн шахаа л хийхгээгүй бол нууцлах шаардлагагүй. Төслүүд олон нийтэд ил байх нь төслийг илүү боловсронгуй болгоход ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

- Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын шаардлагад эрх баригчид ямар хариу үйлдэл үзүүлэв?
- Утааны эсрэг ээж, аавууд ТББ хоёр удаагийн жагсаалаар Засгийн газар, УИХ-ын дарга, Хотын дарга, НИТХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэгт шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Засгийн газар 2 удаагийн шаардлагад нэгэнд нь ч хариулаагүй учир бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихсан.

Харин Хотын дарга, НИТХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хариу ирүүлсэн. Мэдээж үндсэн шаардлага болох утааг бууруулах төлөвлөгөөг шаардахад одоо хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл ирүүлдэг. Хариу ирүүлэхдээ дандаа хугацаанаасаа хоцорч мөн агуулгын хувьд шал дутуу ирүүлдэг. Хариулахыг хүссэн зүйлдээ хариулаад, чухал ньюанстай шаардлагад нь хариулдаггүй, зүгээр л орхичихдог. Тухайлбал, Хотын дарга С.Батболдод хүргүүлсэн шаардлагадаа бид хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлгийн өрөө бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавихыг шаардсан. Утаагаа 2030 он хүртэл арилгаж чадахгүй ээ гэж байгаа дарга нараас арга ядаад ийм зүйлийг шаардсан.

Бидний тооцоогоор 3,500 орчим агаар цэвэршүүлэгч дээрх хүүхдүүдэд хэрэгтэй байгаа. Гэтэл Хотын даргын өмнөөс шаардлагад хариулсан Агаарын бохирдлыг бууруулах газар хариулахдаа 200 орчим агаар цэвэршүүлэгчийг тараасан, дахиад 200-г тараахаар тендер зарласан гэсэн. Эндээс харахад жилд 200 агаар цэвэршүүлэгч тараах хурдаар явбал 17 жилийн дараа л төрийн өмчит эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг агаар цэвэршүүлэгчээр хангаж дуусах нь ээ.

Ийм л хойрго, удаан байдлаар гамшигтай тэмцэж байна. Бас хүүхдүүдийг хамгийн их хордуулдаг машины хорт хийг багасгах зорилгоор Хотын дарга, Ерөнхий сайд, НИТХ-ын дарга нарыг тамгын газрынхаа хүрээнд хэрэглэдэг автомашиныхаа тоог 15-40 хувиар бууруулахыг шаардсан. Үүнд хэн нь ч хариулаагүй. Хүссэн зүйлдээ хариулаад хүсээгүйгээ орхичихдог гэж үүнийг нь хэлээд байгаа юм.

Дарга нар тансаг хэрэглээнээсээ салах дургүй байгаагийн илрэл энэ. Машинаас гардаг хорт хийнээс болж хүүхдүүдийн цусанд хар тугалга илрээд байгаа учраас улс төрчдөөс эхлэн машины хэрэглээгээ багасган нийгэмдээ манлайлан үлгэр дууриал үзүүл гэж бид шаардсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн шаардлагадаа бид хүүхдийн өвчлөл, нас баралтын дэлгэрэнгүй статистик мэдээг долоо хоног бүр мэдээлэхийг шаардсан ч хариу байхгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв шиг эмнэлэг, хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх эмнэлэг барихыг шаардсан ч хариу байхгүй. Учир нь өвлийн улиралд эмнэлэг ачааллаа 80 хувь хэтрүүлэн ажиллаад ч хүүхдүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй буцаагдах, эмнэлэг дамжих явдал маш их байдаг. Жилд 450 орчим хүүхэд уушгины хатгалгаанаас болж нас барж байхад эдгээр зүйлд Ерөнхий сайд хариулт өгөхгүй байгаа нь иргэдээ үл тоож байгаагийн нэг илрэл.

- Одоо та бүгдийн дараагийн алхам юу байх вэ?
- Бид цаашид утааг бууруулах төрийн ажлуудад хяналт тавих , агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг олон нийтэд жилийн дөрвөн улиралд мэдээллэж сануулах, шаардлагатай үед олон нийтийн акц зохион байгуулах, хариуцлагагүй төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүхэд өгч хуулийн дагуу хариуцлага тооцуулах, агаар, орчны бохирдлоос болж хохирсон иргэдийг шүүхэд нэхэмжлэл гаргуулах ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Утааны эсрэг ээж аавууд ТББ нь утааг арилтал тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулна. Цэргийн баяраар буюу гурвадугаар сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд 12.00 цагаас "Pixel art" буюу олон хүн нийлж "Утааг арилга!" "Эмнэлгээ барь!" зэрэг гурван үгийг бүтээж зогсох болно. Гурав дахь үг нь англи уриа үг байх бөгөөд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм. 300-400 хүн оролцож байж хамтдаа бүтээх учир иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хэрэв дөрөвдүгээр сар гэхэд утааг арилгах үндэсний хөтөлбөрөө боловсруулж дуусахгүй бол дөрөвдүгээр сардаа дахин олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна. Зөвхөн өвлийн улиралд утаа гэж үглэж байгаад хавар, зун, намартаа мартдаг байдалд бид цэг тавина.

Хавар зундаа сайтар бэлдэж байж ирэх өвлийн утааг бууруулах тул Утааны эсрэг ээж аавууд ТББ тогтвортойгоор үйл ажиллагаа явуулна.

Иргэдээс ирсэн хандив 6.5 сая төгрөг болсон тул зургаадугаар сарыг дуустал үйл ажиллагаа явуулах зардал бидэнд хангалттай бий.

Гол зардал нь оффисын түрээс л байдаг. Иргэдийнхээ хандиваар иргэдийнхээ эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаадаа бид сэтгэл хангалуун байдаг.

Утааны эсрэг ээж, аавууд нэгдэн ийнхүү төрийн бус байгууллага байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж эрх баригчдад шаардлага тавин ажиллаж байна.

Харамсалтай нь иргэдийн хоёр ч удаагийн жагсаалын шаардлагад төр засаг нь ганц ч удаа "ган" хийсэнгүй.

Өөрсдийн хуралдуулсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурлаас гарсан зөвлөмжөө ч дагасангүй.

Монголчууд өнөөдөр гамшгийн хэмжээнд амьдарч байгааг тэд хүлээн зөвшөөрсөн, нийтэд тунхагласан. Бид Агаар, ус, хөрсний бохирдлын гамшиг дундаа өнөөдөр ч амьдарсаар л байгаа шүү.

Дахин сануулъя, ҮАБЗ-ийн хуралдааны бичлэг:


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин